Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд байрлах зөвшөөрөлгүй барьсан гүүрийг нийслэлийн Гудамж зам, гүүрийн барилга, байнгын засварын газар /ГУББГ/-аас албадан буулгаж, голын орц, гарцыг чөлөөлж байна.
Тус байгууллагын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүр нь голын сувагчлалын урсгалд сөргөөр нөлөөлж, шар усны үерийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа нь газар дээрх үзлэг шалгалтаар тогтоогдсон. Ийм төрлийн барилга, байгууламжийг зөвшөөрөлгүй барих нь сувагчлалын зарцуулалтыг бууруулж, зуны улиралд айл өрх, аж ахуйн нэгжүүд үерийн аюулд өртөх магадлалыг ихэсгэдэг. Иймд бид зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг буулгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна” хэмээн тайлбарлалаа.
Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид холбогдох албан шаардлагыг хүргүүлсэн ч биелүүлээгүй тул тус гүүрийг албадан буулгах арга хэмжээг авсан байна.
Эх сурвалж: НЗДТГ.