Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол–Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Дархан-Уул аймагт "Эх оронч Дарханыхан" нэг сарын нөлөөллийн аяныг эхлүүлээд байна. Тус аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран энэ сарын 18-наас албан ёсоор эхлүүлжээ.
Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Цэргийн нэг өдөр” өдөрлөгийг гуравдугаар сарын 26-нд Зэвсэгт хүчний 330 дугаар ангитай хамтран зохион байгуулсан байна. Өдөрлөгийн үеэр сурагчид ангийн хээрийн байрлалд зочилж, цэргийн хээрийн буудлага хийж туршлагажсан бөгөөд зэвсэг, техник хэрэгслийн үзүүлэнтэй танилцаж, буухиа тэмцээнд оролцон, хээрийн цэргийн хоол зэргээр нэг өдрийг эх оронч уур амьсгал дунд өнгөрүүлжээ.
Цэргийн штабын дарга, хошууч Б.Оргилсайханы онцолсноор энэхүү өдөрлөг нь зөвхөн танилцуулга төдий бус батлан хамгаалах тогтолцоонд эх оронч сэтгэлгээ, иргэний үүрэг ухамсрыг төлөвшүүлэх, хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдол бүхий үйл ажиллагаа болжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ.