Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёнийг цагаатгах шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс өчигдөр гаргаснаар тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болж байна.
Сөүлийн дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Ли Жэ Мён мэдэгдэхдээ "миний холбогдсон хэрэг улс төрийн сэдэлтэй байсныг энэ шийдвэр нотлон харууллаа" гээд өөрийг нь бүрэн цагаатгасныг онцолсон байна.
Ардчилсан намын дарга Ли Жэ Мён 2021 онд Соннам хотын захирагчаар ажиллаж байхдаа газартай холбоотой төслийн талаар худал мэдүүлэг өгсөн болохыг Сөүл хотын төв дүүргийн шүүх өнгөрсөн онд тогтоожээ. Түүнд нэг жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон бөгөөд ял эдэлсэн тохиолдолд дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болох байв.
Харин давж заалдах шатны шүүх Ли Жэ Мёныг парламентын шалгалтын үеэр худал мэдүүлсэн гэм буруутайд тооцсон өмнөх шийдвэрийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрбээр шүүхийн байрны гадна дэмжигчиддээ хандан хэлэхдээ, шүүх шударга ёсыг эрхэмлэсэн шийдвэр гаргасанд би талархаж байна гээд, олон нийтийн хөрөнгийг үрэн таран хийж байна хэмээн засгийн газрыг шүүмжилсэн байна.
Өмнөд Солонгост өнгөрсөн 12 дугаар сард богино хугацаанд онц байдал зарласан Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах саналыг Үндсэн хуулийн цэц дэмжсэн тохиолдолд тус улсад 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох юм. Өдгөө 61 настай Ли Жэ Мён 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльтой өрсөлдөж, түүхэнд хамгийн цөөн саналын зөрүүгээр ялагдаж байлаа. Тэрбээр өнгөрсөн онд нэгэн үйл ажиллагааны үеэр хутгатай этгээдийн халдлагад өртөж, хүзүүндээ хутгалуулан мэс засал хийлгэж байжээ.
Үндсэн хуулийн цэц Юн Сог Ёлийг огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд түүнийг халааг авах хүчтэй өрсөлдөгчдийн нэг нь Ли Жэ Мён байх болно гэж олон нийт үзэж байна. Тэрбээр мөн нэг тэрбум долларын бүтээн байгуулалттай холбоотой хээл хахуулийн болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.