Засгийн газрын нууц чатад нэгэн сэтгүүлчийг нэвтрүүлсэнтэй холбоотой дуулианы хариуцлагыг өөртөө хүлээж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Майк Уолц мэдэгджээ.
“Би өөрөө энэ группийг үүсгэсэн, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгах ёстой байлаа, энэ бол үнэхээрийн ичгүүртэй хэрэг” гэж тэрбээр телевизийн Fox News сувагт өчигдөр ярилцлага өгөхдөө хэлээд, чатад нэвтэрсэн The Atlantic сонины ерөнхий редактор Жеффри Голдберг бол түүний хувийн танил гэдгийг үгүйсгэсэн байна.
Уолцын хэлснээр, Голдберг бол нэр хүнд маш муутай сэтгүүлчдийн нэг бөгөөд тэрбээр нууц чатад өөр хүний нэрээр нэвтэрчээ. Мөн үүнийг техникийн алдаа юу эсвэл зориуд санаатай үйлдэл үү гэдгийг шалгах нь зүйтэй хэмээн Уолц дурдав.
Ерөнхийлөгч Д.Трамп NBC News сувагт ярилцлага өгөхдөө, нууц группт сэтгүүлчийг нэмж оруулсан хүн бол Уолц гэдгийг дурдсаны зэрэгцээ энэхүү алдаа нь хуситуудын эсрэг ажиллагаанд нөлөөлөөгүй бөгөөд зөвлөхөө ажлаас нь халах бодолгүй байгаагаа хэлсэн байна.
Болсон хэрэг явдлыг товч өгүүлвээс, The Atlantic сонины ерөнхий редактор ярихдаа, Signal гэдэг мессенжер дэх групп чатад өөрийг нь оруулсан байхыг анзаарсан бөгөөд уг чатаар Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Йемений хуситуудын байрлалд цохилт өгөх эсэхийг хэлэлцэж байжээ. Чатын ярилцлагад Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Ойрх Дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткофф, Ерөнхийлөгчийн зөвлөх Майк Уолц, Ерөнхийлөгчийн Дотоодын аюулгүй байдлын зөвлөх Стивен Миллер нар оролцсон байна.
Ийм нууц чат байдаг гэдгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Брайан Хьюз баталсан бол Пентагоны тэргүүн П.Хегсет хэлэхдээ, уг чатаар хуситуудад цохилт өгөх асуудлыг хэлэлцээгүй гэсэн байна.
Мэдээлэл алдагдсантай холбогдуулан Сенат дахь Ардчилсан намын гишүүд "хоёр намын хамтарсан шалгалт" явуулахыг шаарджээ.