Он гарсаар улсын хэмжээнд найман аймгийн 20 суманд нийт 28 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, урьдчилсан байдлаар 887 га ой, 1.390.761 га хээрийн талбай шатсан талаар Улсын онцгой комиссын хуралдаанаар мэдээллээ. Сүүлийн арван жилд 2015 онд хамгийн олон буюу 26 түймэр гарч байсан бол 2025 онд уг тоо давж, түймрийн тоо огцом өссөн нь анхаарал татаж байна.
Одоогоор 22 түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд 12 нь буюу 45.4 хувь нь эзэнтэй, үлдсэн 10 нь эзэнгүй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байна. Нийт 14 түймрийн шалтгаан тодорхой болжээ.
Түймрийн шалтгаануудыг дараах байдлаар бүртгэв:
-
Хог шатааснаас: 5 түймэр
-
Цогтой үнс нурмаа ил асгаснаас: 3 түймэр
-
Машины яндангаас оч үсэрснээс: 1
-
Гэрийн яндангаас оч үсэрснээс: 1
-
Малчид өтөг бууцаа цэвэрлээгүйгээс: 3
-
Шашны зан үйлээс: 1
Иймд түймэр тавьсан этгээдийг олж тогтоох, хариуцлага тооцох чиглэлээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлийг бууруулах гол хүчин зүйл нь иргэдийн ухамсар, хариуцлага гэж онцолж байна. Мөн төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Эх сурвалж: Улсын онцгой комисс.
Сэтгэгдэл (3)