Бангладеш улсад амьдарч буй рохинжа дүрвэгсдэд илүү их хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгааг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага анхааруулж, олон улсад хандан 930 сая ам.долларын тусламж үзүүлэхийг уриаллаа.
Тус хоёр агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, 2024 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар Бангладеш улсад ойролцоогоор нэг сая рохинжа дүрвэгсэд оршин сууж байгаа бөгөөд:
-
Тэдний тал хувь нь эмэгтэйчүүд, охид бөгөөд жендэрт суурилсан хүчирхийлэл, мөлжлөгт өртөх өндөр эрсдэлтэй,
-
Гуравны нэг нь 10-24 насны залуус бөгөөд боловсрол болон ур чадвар эзэмших боломж хомс байгааг онцолжээ.
Хүнсний тусламж, орон байраар хангахад тулгарч буй санхүүгийн дутагдал нь дүрвэгсдийг аюултай алхам хийхэд хүргэж болзошгүй бөгөөд тэд аюулгүй амьдрахын тулд завиар бусад улс руу дүрвэх зэрэг эрсдэлтэй замыг сонгох магадлалтай байгааг анхааруулсан байна.
Иймд дүрвэгсдийг амь нас, амьжиргаагаа хамгаалах, бие даан амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж НҮБ-ын агентлагууд мэдэгджээ.
Эх сурвалж: NHK.
Сэтгэгдэл (2)