Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү сургуулийг мал эмнэлгийн байгууллагын удирдлага, мэргэжлийн анги, алба хаагчдын бэлэн байдлыг үнэлэх, гамшгийн нөхцөлд ажиллах чадварыг сайжруулах зорилгоор анх удаа улсын хэмжээнд явуулж буйгаараа онцлог юм.
Сургуулийн эхлэлд өглөөний 04:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, нийт албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан байна. Дадлага сургуулийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням удирдаж байгаа бөгөөд мэргэжлийн зөвлөгөө, аргазүйн чиглэлээр туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Хурандаа Ц.Ганзориг мэдээлэхдээ, сүүлийн жилүүдэд хонины цэцэг, бог малын мялзан, гахайн африкийн мялзан зэрэг гоц халдварт өвчний дэгдэлт төв, зүүн, баруун бүсийн аймгуудад бүртгэгдсэн тул хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлснийг дурдлаа. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн гарцын хомсдол, малын шилжилт хөдөлгөөн, зэрлэг амьтан, шавжийн халдвар дамжуулалт зэрэг шалтгаанаар шинэ төрлийн халдварт өвчний эрсдэл нэмэгдсэн тул нэгдсэн удирдлага, зохицуулалт бүхий хариу арга хэмжээний тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг онцлов.
Сургуулилтад дараах байгууллагууд оролцож байна:
-
Мал эмнэлгийн ерөнхий газар
-
Нийслэлийн Мал эмнэлгийн газар
-
Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори
-
Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори
-
21 аймгийн мал эмнэлгийн газар
-
ҮАБЗ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд
Нийтдээ 1017 гаруй ажилтан, албан хаагч оролцож, гамшгийн үед мэргэжлийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах талаар бодит дадлага сургуулилтыг хийж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар.