Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Словенийн парламентын бүлгийн дарга Б.Түвшин 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Словени-Монголын парламентын бүлгийн дарга хатагтай Сузана Леп Шименкотой цахим уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Түвшин парламентын бүлгүүдийн анхны уулзалт цахимаар зохион байгуулагдаж буйд талархал илэрхийлж, Монгол Улсын парламент 126 гишүүнтэй болж өргөжсөн нь хоёр орны хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд шинэ боломж нээж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Словенийн Үндэсний Ассамблейн гишүүн Сузана Леп Шименко хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг 2023 онд тэмдэглэснийг дурсаж, Гадаад харилцааны сайдын айлчлал, Словенийн Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарын 2024 онд хийсэн төрийн айлчлалын үр дүнг онцлон дурдав. Мөн Словенийн Үндэсний Ассамблей 90 гишүүнтэй бөгөөд ээлжит сонгууль 2026 онд болох талаар танилцуулжээ.
Цахим уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, эрх зүй, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ойн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, дараагийн уулзалтуудаар эдгээр асуудлыг нарийвчлан ярилцаж, холбогдох Байнгын хороод, яамдын төлөөллийг оролцуулан ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэхээр тогтсон байна.
Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн, парламентын бүлгийн гишүүн Л.Соронзонболд, Г.Очирбат, Словенийн талаас бүлгийн нарийн бичгийн дарга Само Новак нар оролцжээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар.