Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн II дайны дараа нацист Германаас зугтан Аргентин улсад ирсэн хүмүүсийн талаарх бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг гаргасан тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээллээ.
Тус шийдвэр нь АНУ-ын сенатч Стив Дэйнсийн хүсэлтийг үндэслэн гарсан бөгөөд Ерөнхийлөгч Милей түүнийг хүлээн авч уулзах үеэр үлдсэн нууц баримтууд, тухайлбал банкны гүйлгээтэй холбоотой мэдээллийг ил болгохыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Франкосын мэдээлснээр, хамгийн чухал баримтууд Батлан хамгаалах яаманд хадгалагдаж байх магадлалтай бөгөөд “энэ мэдээллийг нууцлах ямар ч үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Ерөнхийлөгч Милей өмнө нь 1976-1983 оны цэргийн дэглэмийн үед зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой бүх нууц материалыг ил болгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ удаагийн зарлиг нь түүхийн харанхуй үеийг нээлттэй болгох дараагийн алхам болж байна.
Дэлхийн II дайны дараа олон нацист гэмт хэрэгтэн Өмнөд Америкийн орнууд руу, тэр дундаа Аргентин руу зугтан ирсэн нь түүхэн баримтаар нотлогдсон. Освенцимын хорих лагерьт хоригдлууд дээр эмнэлгийн туршилт хийж байсан Йозеф Менгель, Холокостын гол зохион байгуулагч Адольф Эйхман нар Аргентинд нуугдаж байсан нь олонд ил болсон билээ.
Эх сурвалж: TASS.