Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголын адуучдын холбоо хамтран “Монгол адуучин” нэртэй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийг төлөөлөн нийт 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж бугуйлдах, эмнэг хангал адуу бугуйлдах зэрэг үндэсний өв соёлыг харуулсан төрөл бүрийн ур чадварын тэмцээнд авхаалж самбаагаа сорих юм. Мөн уургын морь, сайхан наадамчин төрлөөр онцгой оролцогчдыг шалгаруулна.
Энэ жилийн тэмцээн нь хэд хэдэн шинэлэг үзүүлбэрээр онцлог бөгөөд:
-
Хүүхдийн марзай гийнгооны уралдаан
-
Адуучны шүлэг, магтаалын улсын уралдаан
-
Эмэгтэйчүүдийн морьтой саад сүлжих тэмцээн
анх удаа зохион байгуулагдаж, үзэгч олны сонирхлыг татах хүлээлттэй байна. Энэхүү арга хэмжээ нь адуучин соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өв уламжлалыг хадгалан үлдэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ, Монголын адуучдын холбоо.