ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам болон Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яам хамтран 2025 оны гуравдугаар сарын 12-15-ны хооронд Казань хотод “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал – Хүчээ нэгтгэе” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгууллаа. Энэхүү хуралд ирвэс бүхий 12 орны төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, судалгаа хамгааллын өнөөгийн байдал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон юм.
Цоохор ирвэс нь дэлхий нийтээр нэн ховордсон, байгаль хамгаалах яаралтай шаардлагатай зүйлд тооцогддог амьтан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансны үнэлгээгээр “Эмзэг” ангилалд багтдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 4000 орчим ирвэс байгаагаас БНХАУ 2500 гаруй ирвэстэйгээр тэргүүлдэг бол Монгол Улс ойролцоогоор 1000 цоохор ирвэстэй хэмээн тоологдож, хоёр дахь том популяци бүхий улс орны тоонд ордог. Харин ОХУ-ын Алтай, Тува, Буриад, Красноярскийн бүс нутгуудад нийт 87 ирвэс бүртгэгджээ.
ОХУ-ын зүгээс сүүлийн жилүүдэд цоохор ирвэсийг өсгөж үржүүлэх, хамгаалах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч буйг тус хурал дээр онцолсон юм. Хуралд оролцогчид ирвэс хамгааллын талаар улс орнуудын хийж буй бодит ажлуудын үр дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгааны арга зүй, технологийн дэвшлийг хуваалцав.
Монгол Улсаас тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, Увс нуурын УТХГ-ын захиргаа болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.