Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн хиймэл зүлэгтэй холбоотойгоор зарим бөхчүүд хүнд гэмтэл авч, олон бөх халтирч унасан нь олны анхаарлыг татсан билээ. Үүнтэй холбогдуулан Улсын аварга О.Хангай байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Миний хувьд өнгөрсөн жилийн наадмаар халтирч унаагүй. Гэхдээ хэд хэдэн удаа тэнцвэрээ алдсан. Хэдий тийм боловч халтирч унахгүйн тулд барилдаанаасаа илүүтэй биеэ цэгнэж, болгоомжлоход гол анхаарлаа хандуулж байлаа. Үндэсний их баяр наадамд зодоглох нь бөх хүний бүх насны хөдөлмөр, бүх жилийн хичээл зүтгэлийн үр дүн байдаг” хэмээв. Мөн тэрээр барилдаж ирсэн 15 жилийн хугацаандаа зөвхөн хоёр удаа сэтгэл ханамжтайгаар гэртээ харьсан тухайгаа дурдлаа. Тухайлбал, Улсын харцага цол хүртсэн болон аварга болж түрүүлсэн хоёр наадамд өөрийн зорилго биелсэн гэж үздэг гэлээ.
Хиймэл зүлэгтэй холбоотой асуудлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос саяхан хурал зохион байгуулж, өнгөрсөн жилийн наадамд 30 гаруй бөх халтирч унасан, дөрвөн бөх бэртсэн тухай хэлэлцжээ. Тэдний нэг болох “Ховд” дэвжээний бөх, Улсын заан Б.Пүрэвсайхан нь наадмаас хойш өнөөг хүртэл бэртлийн улмаас барилдаж чадаагүй байна. Хэдий тэр бэртлээ эдгээсэн ч дахин өмнөх түвшиндээ барилдаж чадах эсэх нь тодорхойгүй байгааг О.Хангай онцолж, ийм төрлийн алдаа, хариуцлагагүй шийдвэрээс болж бөхчүүдийн эрүүл мэнд, спортын замналд хохирол учирч буйг анхаарууллаа.
Тэрбээр хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ мэт үйлдлийг дахин гаргахгүй байхад чиглэсэн шаардлага, саналуудыг хариуцсан албан тушаалтнуудад уламжилсан тухайгаа мөн дурдсан юм.