Ираны эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ хийх санаачлагыг хүлээн авч, тодорхой болзлуудын хүрээнд яриа хэлцэлд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Гэвч тэд АНУ-аас авсан хориг арга хэмжээг сулруулахыг гол нөхцөл болгон тавьсан байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи "хэлэлцээ хийхийн тулд АНУ манай улсын эсрэг авсан эдийн засгийн хоригуудыг цуцлах шаардлагатай" хэмээн мэдэгдэж, Вашингтоны бодлогын зарим хэсэг өөрчлөгдөх ёстойг онцолжээ. Гэсэн ч ямар бодлогыг хэлж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гуравдугаар сарын эхээр Ираны дээд удирдагч аятолла Али Хаменейд захидал илгээж, “нэг бол хэлэлцэж тохирно, үгүй бол цэргийн арга хэмжээ авна” хэмээн анхааруулсан байна. Трамп нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Ираны эсрэг хэд хэдэн шинэ хориг тавьж, шахалтаа улам нэмэгдүүлээд байгаа юм.
Аятолла Али Хаменей уг асуудлаар гуравдугаар сарын 8-нд мэдэгдэл хийхдээ “асуудлын гол нь цөмийн хөтөлбөр биш. АНУ манай батлан хамгаалах, пуужингийн болон олон улсын харилцааг устгахыг зорьж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters.