2024 оны долоодугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлсэн “Орон нутаг дахь төсвийн зарцуулалтын үйл явцын мониторинг” төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцүүллээ.
Төсвийн ил тод байдлын асуудал
“Нээлттэй нийгэм форум”-ын менежер Д.Оюунбадам хэлэлцүүлгийн үеэр төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд олон жил идэвхтэй ажилласан ч нийслэлийн хэмжээнд шийдвэрийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг онцлов.
2015 оноос Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч нийслэлд таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зарцуулалтыг цахимд байршуулах ёстой атал үүнийг нийтлэхгүй тохиолдол түгээмэл байгааг дурдав.
АТГ: Авлигын эрсдэлтэй төсвийн зарцуулалт үргэлжилсээр байна
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш төсвийн төслийн боловсруулалт, судалгаа, хяналт дутмаг байгаагаас авлигын эрсдэл үүсдэгийг анхааруулав.
- Төсвийг батлахдаа судалгаа муутай байдал зонхилдог.
- Зураг төсөлгүй ажлууд төсөвт тусгагддаг.
- Барилгын ажлууд хангалттай санхүүжилтгүй батлагддаг тул хугацаандаа дуусдаггүй, царцдаг.
- 10 төгрөгөөр хийх ажлыг 50 төгрөгөөр төсөвлөж, гүйцэтгэгч байгууллагуудад давуу байдал олгодог.
- Шаардлагагүй худалдан авалт их төлөвлөж, жишээлбэл, үзвэр үйлчилгээ гэх мэт зардалд их хэмжээний мөнгө төсөвлөдөг.
Төсвийн ил тод байдлын индекс ба иргэдийн оролцоо
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат Монгол Улс 2023 оны байдлаар Төсвийн ил тод байдлын индексээр 100-аас 62 оноо авсан болохыг онцлов.
- Төсвийн зарцуулалтаа нээлттэй байршуулдаггүй байгууллагууд нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, хулгай, луйврын эрсдэлтэй гэдгийг илтгэнэ.
- Төсвийн эрх зүйн орчин сайжирч байгаа ч иргэдийн хяналт дутмаг байна.
- Иргэдийн аудитын тогтолцоог бий болгож, татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломж бүрдүүлэх шаардлагатай.
Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлага
Хэлэлцүүлэгт оролцогчид төсвийн зарцуулалтын ил тод байдлыг сайжруулж, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байна.
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум