АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар удаан, үр дүнтэй яриа өрнүүлснээ мэдэгдлээ. Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд энэ талаар анх мэдээлсэн бол, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хоёр улсын төрийн тэргүүн нар хоригдлуудын солилцоо, Ираны цөмийн хөтөлбөр, Орос-Америкийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн гэж онцолсон байна.
Трампын хувьд ярианы гол сэдвийг Украин, Ойрх Дорнод, хиймэл оюун ухаан, дэлхийн санхүүгийн тогтолцоо, долларын нөлөөлөл зэрэг өргөн хүрээнд хамарсан гэж тодорхойлжээ. Харин Украины асуудлаар хоёр тал аль болох хурдан дайныг зогсоох яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэв.
Үүний дараа Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй цаг орчим утсаар ярилцсан бөгөөд Украины тал ч энхийн хэлэлцээнд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгдэв. Гэвч хэлэлцээг ямар нөхцөлөөр хийх талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна.
Европ, НАТО, Хятад улс хэрхэн хүлээж авав?
Трамп, Путин нарын утасны ярианы дараа Их Британийн Батлан хамгаалахын сайд Жон Хили, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Европын долоон улс хамтран мэдэгдэл гаргаж, Оростой хийх ямар ч хэлэлцээнд Украин голлох хүчин байх ёстой гэсэн хатуу байр сууриа илэрхийллээ.
Үүнтэй зэрэгцэн Хятад улс Украины хямралын асуудлаарх уулзалтыг өөрсдийн талд зохион байгуулах саналаа АНУ-ын засаг захиргаанд илэрхийлсэн тухай "The Wall Street Journal" эх сурвалжууддаа тулгуурлан мэдээлэв. Хятадын энэ саналд Зеленскийг оролцуулах талаар тодорхой зүйл дурдагдаагүй нь Европ, НАТО-гийн талын болгоомжлолыг төрүүлж байгаа аж.
Энэхүү яриа хэлэлцээнүүд нь Украины дайныг зогсоох боломжтой ч, талуудын байр суурь, оролцогчдын асуудал тодорхойгүй хэвээр байна. Тиймээс цаашдын яриа хэлэлцээний үр дүн дэлхийн геополитикийн байдлыг хэрхэн өөрчлөх нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: WSJ, Кремлийн хэвлэлийн алба, НАТО, Truth Social