"Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “уур амьсгалаа мэдэрчихжээ” гэдгийг би эрт мэдсэн"...
Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргалтай ярилцлаа. Хоёулаа өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ж.Байден ялах байх” гэсэн таамаглал тойрон хөөрөлдөж таарсан бол энэ удаад дахин сонгогдсон ерөнхийлөгч Д.Трампын халуухан шийдвэрүүд, Хятадтай худалдааны дайн хийх эсэх гэхчлэн томоохон сэдвүүдээр ам халцгаав.
Ингээд “хөрсөн дээрээ бууна” гэгчээр дотоодынхоо улс төрийн талаар санал солилцсоноо сонирхуулъя. “Ерөнхий сайд асан Ерөнхий сайддаа хайртай” байдаг юм байлгүй, АН-ынхныг ховлох гэсэн мэхийг төдийлөн газар авахуулсангүй, статистик, сургамж үг хоёроор няцааж байв.
-Та бол 25 жилийн өмнө Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг удирдаж байсан Ерөнхий сайд. Яг нэг жил Ерөнхий сайдаар ажилласан шиг санагдаж байна. Тэр үед хорин жил, хорин таван жилийн дараах Монгол Улсын хөгжлийг, эдийн засгийг хэрхэн төсөөлж байсан бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тийм ээ. Нэг жил гүйцэтгэхэд нэг, хоёр хоног дутуу байсан санагдаж байна. Өнөөдөр чамтай хамт ингээд дурсахад нээрээ сонирхолтой байна шүү. Өнгөрсөн 25 жилд монголчууд хөгжил, дэвшлийнхээ төлөө зүгээр суугаагүй, эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн болохоор нийгэм урагшилсан байж таарна. Урагшилсан гэдэг нь статистик тоо баримтаар харагддаг.
-Өнөөх нэг хүнд ногдох ДНБ, экспорт, импорт, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ гэх мэт тоог хэлэх гэж байна уу?
-Тийм тоо ярих гэвэл зөндөөг ярьж болно. Тэр тоо явсаар эцэстээ иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт болж хувирах ёстой. Тухайлбал, нэг үзүүлэлтийг нь л дурдахад эхийн эндэгдлийн тоо. Энэ тоог 1990 оныхтой харьцуулбал 8.8 дахин, нялхсын эндэгдэл 5.2 дахин буурсан байгаа юм. Хэдийгээр муу хэлүүлдэг ч гэсэн эрүүл мэндийн салбарын ажлын үр дүн, амьжиргааны чанарыг илэрхийлсэн дүн мөн. Бид үүнийг сонирдоггүй, үнэлдэггүй л болохоос. Саяхан нэгэн арга хэмжээн дээр манай улсад Япон улсыг төлөөлж суугаа Элчин сайдтай тааралдахдаа “Сүүлийн 30 жилд Монгол Улс олон талбарт, өргөн цар хүрээтэй хөгжиж байна. Монголын нийгэмд, улс орны хөгжилд асар том өөрчлөлт гарсан” гэж ярьж байна. Гадны нэлээд хэдэн зочноос ингэж сонссон. Тэгэхээр бид дотор нь байгаа учраас статистик тоогоор илэрхийлэгдсэн хөгжлийн хэмжүүр тоонууддаа итгэхийг хүсдэггүй, ололт гэж боддоггүй, шүүмжилмээр талуудыг илүү олж хардаг. Урт хугацаанд, хөндлөнгөөс харах боломж ч гардаггүй байх. Ний нуугүй хэлэхэд тэрхүү асар том өөрчлөлтөд би хувьдаа сэтгэл хангалуун байгаа юм. Манай улсад сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтөд бусад орныхон атаархмаар шүү дээ.
-Юунд нь?
-Бүх зүйлд. Гучхан жилийн дотор Монгол Улсын ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, эхийн болон нялхсын эндэгдлийн бууралт, дундаж наслалтын өсөлт, боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын тоо яаж нэмэгдэв гээд тоонуудаа харахадаль ч улс орон атаархмаар үзүүлэлттэй болсон. Гайхамшигтай.
-Ямар сонин юм бэ. Тэгвэл яагаад нийгмээрээ гомдолтой, олон нийт уур бухимдалтай байна вэ. Тэр өсөлтүүд хаачив?
-Чи зүгээр статистик хар, чанарын бүх үзүүлэлт илэрхийлнэ. Ийм гайхамшигтай өсөлттэй байхад хүн бүр зовхи нь өөдөө байж чадахгүй, мишээгээд алхаж болохгүй байна вэ гэхээр нэг талдаа үсрэнгүй хөгжиж, ахиц дэвшил харагдаж байгаа хэдий ч нөгөө талд сөрөг үр дагаврууд гарсных юм. Үүнээс хамгийн их санаа зовоож байгаа нь орлогын ялгарал. Баян, хоосны ялгаа гэх үү дээ. Зарим нь хэт баяжиж, бусад нь харьцангуй ядуу болсон. Туйлын ядуу биш шүү. Дундаж давхарга ядаж 60 хувьтай байх ёстой биз. Агшаад бараг алга боллоо. Энэ агшилт тун муу. Эдийн засгийн тэр гайхамшигтай өсөлт гэх мэт нь иргэн таныг тойроод, хаагуур яваа яваад байгаа нь мэдэгдэхгүй болохоор бухимдах нь аргагүй. Товчхондоо орлогын ялгарал гэдэг фактор л хүмүүсийг стресстүүлж байна.
-Ер нь орлогын ялгарал яагаад үүсчихэв. Хэзээ, хэн бий болгож өргөжүүлэн тэлэв гэдэг нь тодорхой эзэнтэй, цаг хугацааны тодорхойлолттой байх?
-Хэн нэгэн дарга нь орлогын ялгарал үүсгэх гээд л санаатай бодлого, арга хэмжээ хэрэгжүүлсэн юм биш л дээ. Гэхдээ эрх мэдлийн төлөөх, олсон эрх мэдлээ хадгалах тэмцэл, эрх мэдэлд амташсан хүмүүсийн шунал, сувьдаг сэтгэлгэ зэрэг олон хүчин зүйлийг тоочиж болно. Тэр бүгд нь тухайн цаг үедээ, орлогын ялгарлыг өөгшүүлдэг тодорхой төрийн институци, эдийн засгийн механизм, нийгмийн ухамсар зэргийг бүрдүүлсэн. Үүнийг хараагүй биш, бүгд л нүдэн дээр илт өрнөж байсан учраас өөрчлөх ёстой. Гэтэл нэг хэсэг нь хараагүй, нэг хэсэг нь хүсээгүй шүү дээ. Тухайлбал, хүн амын орлогын албан татварыг дурдаж болно. Орлогын ялгарал нь зөвхөн өнөөгийн Монголын зовлон биш, хаа сайгүй л үүнийг онцолж байна.
Францын эдийн засагч Тома Пикеттигийн 2013 онд хэвлүүлсэн “Капитал XXI зуунд” ( францаар "Le Capital au XXIᵉ siècle") номондоо онолын хувьд маш энгийнээр тайлбарласан. Капиталын өгөөжийн өсөлтийн хурд, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс илт давуу байсан. Хүсвэл энэ талаар нэгбүрчлэн тайлбарлаж, лекц уншиж өгч болно. Түүнээс гадна нөгөө мангас Авлига гэж байгаа. Шударга бус байдал, шүүх засаглал, хууль хяналтын байгууллагын хямрал энд яригдана. Цаашилбал, төрийн институциудын чадвар, чансаа, хэн тэнд ажиллаж байна, яах гэж тэр албанд очдог вэ, яаж очдог вэ, очсон хойноо юу хийв гэхчлэн олон багц асуудлыг хөндөх учиртай. Дээр ярьсан хөгжил дэвшлийн зэрэгцээ эдгээр сөрөг үр дагавар хамт гарч ирсэн. Энэ нь популизм дэлгэрэх хөрс болж, авлига улам шинэ хэлбэр рүү шилжиж, цар хүрээгээ өргөжүүлж эхэлсэн.
Тэгэхээр бид өнгөрсөн хугацаанд энэ тал руу дутуу анхаарсан. Тухайн үед бид ерөөсөө л эдийн засгийн өсөлт чухал гээд дээрх сөрөг үр дагаврыг хожим бий болно гэж тооцоолоогүй юм билээ. Цаашид бид эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд анхаарах нь чухал хэдий ч чанартай өсөлт буюу хэр шударга замаар өссөн эсэхийг анзаарах, нэг шалгуур болгож цэгцлэхгүй бол тун эвгүй зүйл рүү хөтлөх нь гэж бодож байна. Үүнийг л Л.Оюун-Эрдэнэ зөв мэдэрч, олж хараад, зэрэгцүүлж хийчих гээд “зодуулаад” байгаа нь энэ юм болов уу даа.
-Та бол огцроогүй, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Ерөнхий сайд. Ийм хугацаанд Ерөнхий сайд юу хийж амждаг бол гэдэг сонин санагддаг.
-Би чинь гурван Засгийн газар огцорсны дараах Ерөнхий сайд. Угаасаа нэг жилийн дараа сонгууль болох байсан. Тухайн үед нийгмийн сэтгэлзүй нь “Засгийн газар ингээд огцорчихно гэж байдаг юм уу” гэж гайхаж дуусаагүй байтал дараалан гурван Засгийн газар огцорчихсон, ард иргэд төр засагт итгэхээ больсон байв. Энэ бол Ерөнхий сайд хүний хувьд “гашуун” нөхцөл байдал. Гэхдээ чадах бүхнээ хийж амжих ёстой.
-Тэгээд та юу хийж амжсан бэ?
-Зах зээлд шилжсэний үр шим гэгчийг ард түмэнд мэдрүүлэх, амсуулахыг хичээсэн. Юуны өмнө банкны тогтолцоог цэгцэлсэн. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхэлсэн боловч дуусгаагүй, холион бантан болчихсон байсан юм. Хүний артерийн судсаар цус гүйхгүй бол яах билээ? Түүнтэй адил банк санхүүгийн систем нь эдийн засаг дахь мөнгөний урсгалыг гацаасан байсан. Тиймээс энэ урсгал, гүйлгээг саадгүй болгох цалин, тэтгэвэр тэтгэмжийг цагт нь тавьдаг болгосон гэх мэт олон юм бий. Тэр үед ч сөрөг хүчнийхэн “балиартаж” л байсан. Аймгууд руу цалин, тэтгэврийн мөнгийг шилжүүлчихсэн байхад МАХН-ынхан тухайн орон нутгийн албан хаагчид, иргэдэд олгохгүй гацаагаад, “мөнгө байхгүй, төвөөс өгөхгүй” байна гэх мэтээр иргэдийг санаатай бухимдуулаад, сонгуульдаа оноо цуглуулж байсан юм билээ. МАХН-ын тийм башир балиар аргуудыг нь бид мэдэхгүй л явсан. Хувь хүн, намын эрх ашгийн төлөө ард иргэд улс орныхоо эдийн засгийг барьцаална гэж ёстой хамгийн муу зүүдэнд ч ормооргүй гэж ойлгож байлаа.
Бас нэг сонин зүйл нь би тухайн үед тэтгэврийг 2-3 дахин, ялангуяа доод хэмжээг эрс нэмсэн. Үүнийгээ хэвлэл мэдээллээр зарлаж ч сүйд болоогүй. Хийх ёстой зүйлээ л хийлээ гэж бодсон. Одоо ажиллаж байгаа дарга нар бол сайдын суудлаас, намын даргаас огцорчих вий гэсэн айдастай байгаа мэт санагддаг. Ерөөсөө Ерөнхий сайд болсон эхний өдрөөсөө л “Яавал энэ суудалд удаан суух вэ” гэж бодож эхэлдэг юм биш үү? Энэ бол нуухыг хүсдэг үнэн нь. Ажил байдлыг нь ажиглахад ганц долоо хоногоор амьсгалж байх шиг, түүнийгээ арайхийн давдаг дүр зураг ажиглагддаг. Сэтгэхүй нь тийм болчихож. Энэ байдал нь хөгжилд саад болоод байна.
-За хоёулаа дурсамжаасаа салж, 126 гишүүнтэй анхны парламентын ертөнцийг гаднаас нь сонирхоё. Засгийн газарт орсон АН-ын төлөөлөлдөө хэр итгэлтэй байна. Нэг л “хөдөлж чадахгүй” байгаа юм шиг харагдах юм. “Сэлэм эргүүлэх”-ийг тэднээс хүссэнгүй, гэхдээ сөрөг хүчний үнэр ч үгүй байж болно гэж үү?
-Сөрөг хүчний лидер байна гэдэг ажил хэрэгч чанарыг шаарддаг. Ямар бодлогыг, хэрхэн дэмжих вэ гэдэг мэдрэмж хэрэгтэй. Гэтэл манай хүн өнөөдөр Шадар сайд гэхээсээ Ерөнхий сайдын “бараа бологч” болчихоод байна шүү дээ.
-Энэ тохиолдолд ардчиллыг дэмждэг олон нийт урам хугарч байна. Та тэгж харамсдаг уу?
-Одоо тэгж бодогдохоор л байна. Гэхдээ энэ нь “адармаатай араншин гарга”, “бүх ажилд нь хориг тавь” гэсэн үг биш. Зарим зүйл дээр сөрөг хүчин өөрөө манлайлаад Засгийн газраа чирэх ёстой. АН-д тийм бололцоо бий. Тэдний зориглож хийхгүй, санаачлахгүй байгаа ажлыг түрүүлээд хийх ёстой. Жишээ нь Татварын тухай хуулийн талаар. ААН дээр ирдэг дарамтыг ингэж шийднэ гээд түрүүлээд шүүрч аваад, Засгийн газар түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болтол нь чирч болно шүү дээ.
-Лобби бүлэглэл яаж явах ёстой юм бэ. Хандиваар УИХ-д нэр дэвшиж сонгогдоод тухайн ашиг сонирхлын бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж нөлөөллөө тогтоох байдлаас ялгаатай байх учиртай биз дээ?
-Ил тод л явах ёстой.
-Ил болгохоор бас загнаад байна. Жишээ нь Ховдоос сонгогдсон Э.Болормаа гишүүнийг хандивлагчаа мэдүүлснээр сонгуульд хэвийн оролцуулсан нь асуудалтай. Гэтэл 1997 оноос хойш MCS группт ажиллаж байсан Д.Энхтүвшин гишүүн эдүгээ тус группийн ашиг сонирхлыг илэрхийлж байна хэмээн хардагдах гэх мэт?
-Гадны хөрөнгө оруулалттай компаниас хандив авч сонгуульд оролцож болохгүй шүү дээ. Энэ бол лобби биш, хуулийн зөрчил. Лобби гэдэг бол албан ёсоор тухайн компани УИХ-д бүртгүүлэх ёстой. Ямар асуудлаар лобби бүлэг байгуулж буй, түүнд хэн гэдэг гишүүд байгааг бүртгүүлээд, тухайн гишүүд асуудлаа бусад гишүүнд тайлбарлан сурталчлаад дэмжүүлж болно. Үүнийг лобби гэнэ. MCS-ийн хувьд миний ойлголтоор бол хууль ёсны лобби биш. Далдуур л хууль бус ажиллагаа байж болох юм. Манай лобби хийх эрх зүйн зохицуулалт байхгүй санагдаж байна. Уул нь лобби хийх тухай тийм хуультай бол аль аль талдаа чухал шүү дээ, ядаж хардалт нь багасах биз.
-Үүгээрээ УИХ-ын шийдвэрт нөлөөлж чадах уу?
-Байж болно. Дахиад хэлэхэд лобби бол хууль ёсны. Үүнээс гадуур хийгдэж буй бол хуйвалдаан гэнэ. Зарим нь хэрэгтэй байж болно. “Хувь, хувьсгалын” сонирхол нэгдэнэ гэдэг сайхан хэрэг. Харин зөрж байгаа бол зүй бус.
-Таван нам, эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй, гурван намаас бүрдсэн Засгийн газартай боллоо. УИХ, Засгийн газрын гишүүн болж байж амьдралаа дээшлүүлнэ гэдэг ойлголтоос хэзээ салах юм бол?
-Хамгийн том алдаа бол тэр. Зөвхөн төрд очиж, төсөвт ойрхон байж, захиран зарцуулах ямар нэг байгууллагад оролцож ажилласнаар амьдралаа залгуулна, амьжиргаагаа дээшлүүлнэ гэсэн сэтгэл өвөрлөж УИХ, Засгийн газарт орж ирсэн, аймаг, сумын Засаг даргаар томилогдсон хүмүүс байж болохгүй. Энэ л Монголыг сүйтгэж байгаа юм. Төрийн албыг ийм хүмүүсээс цэвэрлэх ёстой.
-Төрийн өмчийн реформын талаар?
-Маш зөв. Энэ талаар би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад нь хэлж байсан. “Төрийн өмчит компаниудаа хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтад оруулах ажлыг хурдан хийх хэрэгтэй. Ураг төрлийн холбоотой, эрх ашгийн сонирхолтой, ур чадвар муутай хүмүүс тэнд ажилласнаар үр ашиггүй болгож байна. Чадвал менежментийн багийг нь гадаадын компаниудаар удирдуулдаг бол. Тэгвэл улс төрийн нөлөө бүхий хүмүүс очоод шахаа хийгээд байж чадахгүй” гэж. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч хэлж байсан. Одоо л ажил хэрэг болж эхэлж байна. Гэхдээ үүнд баяртай байна. Үүнийг яаралтай хийхгүй бол өнгөрсөн УИХ, орон нутгийн сонгуульд зарцуулагдсан мөнгийг хэрхэн урсгаж буйг харсан биз дээ.
-Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудад БЭТ-ээр томилчихлоо. Та энэ мэдээллийг сонсоод юу гэх бол гэдэг сонин байна?
-Бусдаас чанга дуутай, айлгаж шантаажилдаг, барьцаалдаг хүмүүсийг өөгшүүлээд байвал энэ нийгэм урагшаа явахгүй. Гэхдээ энэ сонголт зөв бол бас нэг талаар хэрэг болж магадгүй л юм. Олон нийтийн өмнө ил байгаад, стратегийн ордуудаас 34 хувиудыг нь шахаж шаардаад аваад ир гэдэг үүрэг хүлээлгэчихээр Ж.Батзандан сайн биелүүлж мэдэх талтай. Ажлын үр дүнг нь юугаар, яаж хэмжихээ зөв томьёолоод өгвөл гүйцэтгэл сайтай байж болох юм. Хувиараа зохицуулаад байх боломжийг нь л хааж өгөх хэрэгтэй. Хэцүү дээ, ер нь.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд таны дээр ярьсан орлогын ялгарлын эсрэг буюу авлигатай тэмцэж шударга ёсыг тогтоохоор зарлаж, ажиллаж эхэлсэн.Үүнийхээ үр дүнд улс төрд олон ч “дайсантай” болж, энэ түүний Засгийн газрын “насжилт”-д хүчтэй нөлөөлөл үзүүлэх бололтой. Арга барил, шат дарааллын хувьд хэр зөв ажиллаж байна вэ?
-Хар, эсвэл цагаанаар будах боломжгүй. Алдаа, оноо олон бий. Ерөнхий хандлагаас нь харахад юм нэг хөдөлчих, явчих гээд байгаа “Уур амьсгалаа мэдэрчихлээ” гэж бодож байна. Улстөрчийнхөө хувьд дээр миний шүүмжилсэнчлэн долоо хоногоор, хамгийн уртдаа нэг сараар ажлаа төлөвлөөд байгаа мэт харагддаг. Угаасаа зүй тогтол, том зорилгоо 30 жилээр, бүр цаашилбал 300 жилээр харах чадвар одоохондоо эд нарт байхгүй. Нас нь арай “нялх” юм. Тодорхойлолтоороо байхгүй. Залуу байгаа нь тэд нарын буруу биш л дээ.
-Хэзээ “нялх” үе нь дуусч, чадвартай болдог юм бэ?
-Миний насан дээр ирэхээрээ. 65 хүрч байж дөнгөж гадарлана гэсэн үг. Би дэлхийн улс орнуудын түүх, эдийн засгийг сонирхож судалдаг. Хамгийн энгийн жишээ татахад, “капиталын хуримтлал” гэж юу юм бэ. Монголд өнөөдөр томоохон хөрөнгө оруулалт хийгээд улс орны эдийн засгийг босгоод ирэх хэмжээний чадалтай ямар компани байна, чи юу гэж бодож байна?
-“MCS”, “АПУ” зэргийг зайлшгүй нэрлэх ёстой байх. Гэхдээ хэрэв тэдэнд олдсон боломж өөр хэн нэгэнд, хэсэг хүмүүст олдсон бол бас л өдий дайтай, магадгүй үүнээс ч өргөн хүрээтэй бизнес эрхэлчихэж чадах л байсан байх. Тэгэхээр ноён Ж.Од супер юм уу, эсвэл тэр боломжийг иргэн Р.Амаржаргалд өгсөн ч ийм байх боломжтой байсан уу гэдэг бас сонин.
-Тийм ээ. Чиний нэрлэсэнтэй санал нэгдэлгүй яахав. Өөр олон компани нэрлэж болно. Гэхдээ тэд Монголынхоо хэмжээнд л том бизнес гэгдээд байгаа ч олон улсын биш юмаа гэхэд бүс нутгийнхаа зах зээл дээр тоглочих хэмжээний компани алга. Маш жижигхэн байна. Би яагаад энэ асуудлыг хөндөв гэхээр капиталын хуримтлалтай холбоотой. Капитал хуримтлагдаж тодорхой түвшинд хүрээд, улмаар чанар руу шилждэг. Энэ үйл явц бусад оронд яаж явагдсан билээ. Манайд явагдсан капиталын хуримтлаляагаад эдийн засгийг сэвхийтэл аваад явчихаж чадахгүй байна вэ гэдгийг сонирхож судлах хэрэгтэй. Капиталын хуримтлал үүснэ гэдэг нь өөрөө түүхэн зүй тогтол юм шүү гэдгээ ойлгож, ААН-үүдэд, бизнест хандах хандлагаа өөрчлөх ёстой.
-Манайд яг яачихаад байна, энэ учир шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ?
-Эрүүл мэнд, боловсрол, утаа, түгжрэл гэхчлэн нийгмийн асуудлууд хүчтэй гарч ирдэг. Асуудлыг шийдэх арга нь захиргааны арга болчихоод байгаа юм. Тайван байх аргагүй тулгамдсан асуудал олон байна. Шийдэхэд хугацаа шаардлагатай. Гэтэл огцруулчих гээд байдаг. Огцрохгүйн тулд ажил хийсэн болж харагдах гээд захиргааны арга хэмжээ аваад, тэр нь бизнест муугаар нөлөөлөөд байгаа дүр зураг харагдаж байна.
-Зөвшөөрлийг цөөрүүлэх, дарамтуудыг багасгах шийдвэрүүд гаргаж эхлээд байна. Энэ нь таны хэлээд байгаа захиргааны аргаас татгалзах оролдого мөн үү?
-Гарцаагүй мөн. Би Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа зарим ажлыг ихэд ойшоож байгаа. Тухайлбал, гурван шилжилтийн тухай ойлголтыг хэлж болно. Ногоон, дижитал, хүний нөөцийн шилжилт. Энэ талаар олон нийтэд та сэтгүүлчийн хувьд тайлбарлаж өгөх хэрэгтэй. Энэ бол хийх үү, үгүй юу гэсэн сонголтгүйгээр гарцаагүй хийгдэх ёстой зүйл юм шүү.
-За, та гурван шилжилтийг тайлбарлаад өгнө үү. Таны яриаг таслалгүй сонсож уншигчдад хүргэе.
-Жишээ нь, Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон эсэхээс үл хамааран дэлхийн чиг хандлагаараа, тэртэй тэргүй ногоон шилжилт хийхээс аргагүй цаг ирчихсэн, хэрэгтэй ажил. Ногоон шилжилт хийнэ гэдэг чинь хэдэн мод авчраад тарихын нэр биш. Хүмүүсийн тархинд байгаль дэлхийтэй яаж харилцах тухай соёлыг төлөвшүүлэх, манайд байсан соёл. Жишээ нь, малчид маань гэрийнхээ босгоны өвс ногоо халцарчихаар нутаг сэлгэх цаг болсоныг байгаль дэлхий сануулж байна шууд ойлгодог байсан.Суурин иргэншилтэй болсон нийслэлчүүдийн хувьд ногоон шилжилтийг хэрхэн ойлгох, яаж шилжих ёстой юм бэ гэдгээ одоо хийж эхлэх нь бодлогын хувьд маш зөв.
Дижитал шилжилт л гэхэд мөн л сонголт байхгүй. Дэлхий даяар, ялангуяа хиймэл оюун ухаантай холбоотойгоор энэ чиглэлээр ахиц дэвшил гаргахыг шаардаж байна. Дижитал шилжилтийг юу гэж ойлгох вэ. Хэдэн сурагчдад компьютер тараах, хүрэлцээг нь нэмэх гэдэг байдлаар ойлгож болохгүй. Наад зах нь албан бичгүүдийг цахимжуулах гэхчлэн ЗГХЭГ-аас санаачлаад шилжих гэж оролдоод байх шиг байна. Гэхдээ цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Дижитал шилжилт хийх санхүүжилтийн эх үүсвэр нь яаж бүрдэх вэ гэх мэтээр заавал байх ёстой дэд бүтэц нь ямар байх юм бэ. Starlink-тэй яаж холбогдох вэ, хориод жилийн өмнө холбосон шилэн кабелийнхаа хүчээр зүтгүүлээд байх уу. Үндэсний хүний нөөцийн чадавхийг сайжруулах, ажиллах хүчний шилжилтийг яаж хийх вэ. Төрийн албан хаагчдын тоо хэрээс хэтэрлээ.
Сүүлийн гурван жилд энэ тоо 20 мянгаар нэмэгдсэн гэсэн статистик гарчээ. Өнөөдөр 230-аад мянган хүн төрийн албанд ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж буй таван хүний нэг нь төрд ажиллаж, төр хамгийн том ажил олгогч болсон байна. Тэнд ажил хийж олон нийтэд үйлчлэх зорилготой хүн, гарын үсгээ зарж амьдрагсдын аль нь олон байна вэ? Үүнийг цэгцлэх ёстой учраас энэ шилжилтийг зайлшгүй хийх ёстой. Н.Учрал сайд Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Төрийн албан хаагчдын тоог 30 хувиар цомхотгоно” гэж байна лээ. Хэрэв тэгж чаддаг бол үнэхээрсайн байна. Тэгэхээр ногоон, дижитал, ажиллах хүчний гэсэн гурван шилжилт бол ёстой л бодлогын чанартай том арга хэмжээ болох юм. Дижитал шилжилт Н.Учрал, Ногоон шилжилт С.Одонтуяа сайдын асуудал огт биш. Төрийн бүх байгууллага, бизнесийн салбарууд, нийслэлийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд бүгдэд нь хамаатай.
-Төр шийдвэр гаргахдаа, тэр ч байтугай томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ сошиалаар олон нийт хэрхэн хандаж буйг тэр даруй тусгаж, өөрчлөх, ухрах буцах явдал харагдаад байна. Ингэж тусгаж шийдвэрлэх нь заримдаа зөв ч, ихэнхдээ харамсмаар үр дагавар гарч байх шиг санагддаг. Жишээ нь сансрын хиймэл дагуулын төсөл. Ирээдүйгээ хараад шийдсэнээрээ шийдчихгүй дээ, тийм үү?
-Төрийн институциудын чадал чансаа, шийдвэр гаргаж буй механизмын онцлогийг л сайтар ажиглах ёстойг харуулж байна. Хуучин аргаараа цаашид явахгүй юм байна гэдгийн нотолгоо нь энэ. Чиний хэлсэн хиймэл дагуулын төсөл ч тэр,магадгүй, хориод жилийн өмнө Засгийн газар тэгж шийдсэн бол хийхээс өөр аргагүй гээд хийчих байсан биз. Төр хэрэгтэй л гэж үзсэн бол шийдвэр дээрээ бат зогсох нь зөв. Одоо бол интернэт сүлжээгээр олон нийт санаа бодлоо илэрхийлж, эрэл хайгуул хийж бүхнийг ил тод болгож байгаа нь сайн талтай. Сул тал нь бүгд их мэдэгчид болчих юм. Яг үнэндээ төрийн шийдвэр саарал ордноос гарах бус нийгмийн сүлжээнд, хэн нэгний гартаа барьсан гар утасны цаанаас асуудлыг шийддэг болчих гээд байна.
Нийгмийн сүлжээг буруутгах аргагүй. Гоё төсөл дээр ажил хийх гээд байна уу, олон нийтээс нуугаад мөнгө цохьчих гээд байна уу гэдгийг мэддэг хүмүүс нь олж хараад шүүмжлээд байгаа нь хамгийн сайн тал. Нуух аргагүй ил хулгайд бол олон нийт бухимдаж эсэргүүцэх нь зөв. Жишээ нь “ДЦС-3”-ын өргөтгөлд 20 сая ам.долларын төсөл. Арай дэндүү харагдсан. Дээрэмдээд л аваад явчихлаа шүү дээ. Тэгэхээр StarLink-ийг хөгжүүлэхдээ төрийн шийдвэрт хэр зэрэг нөлөөлүүлэх, олон нийтийн санаа бодлыг яаж тусгах, үүний зэрэгцээ нийтийн эрх ашгийн эсрэг худал мэдээлэл түгээх, л, олон нийтийг төөрөгдүүлэх тохиолдолд хэрхэх талаарх тэнцвэрийг зөв хангах хэрэгтэй.
-Засгийн газраас улс орны эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зарласан. “Төсөл хөдөлж эхэллээ” гэдэг мэдээлэл шууд л яасан удаан юм бэ, хаана хийгээд байгаа юм бэ гэдэг бухимдлыг дагуулах, үүний зэрэгцээ болохгүй, бүтэхгүй гэж гацаах улс төрийн акцууд харагдаж байна. Та эдгээр төслүүдийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Бид сайн шүүмжилж байна. Харин бидэнд байгаа давуу тал юу байна гэж ололт амжилтаа зөв үнэлж дүгнэх тал дээр учир дутагдалтай харагддаг. Жишээ манай улсад “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжиж байхад гадны хөрөнгө оруулалт татах, “Орано майнинг” хэмжээний томоохон гэрээ хэлэлцээр хийх тухай санахын ч хэрэггүй байв. Зөвхөн өнөөдөр бид “орших уу, эс орших уу” гэдэг нөхцөлд байсан. Харин бид өнөөдөр гадаад харилцаа нээлттэй, бие даасан бодлоготой байна. Хөгжлийн түвшин харьцангуй ахиж, дундаж орлоготой улс орнуудын жагсаалтад орчихлоо. Хэдийгээр доод хэмжээний дундад тооцогдох боловч дундаждаа орж чадсан.
Нэгэнт энэ ангилалд орчихоор “Стэнд бай” гэгчээс ангижирч санхүүгийн өөр механизмтай болчихож байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, санхүүгийн институтууд Монголд мөнгө өгөх боломжтой болж байна. Тэр ч байтугай гадны улс орнуудын тэтгэврийн сангууд ч орж ирэх сонирхлоо илэрхийлэх боллоо. Энэ мэтчлэн санхүүгийн эх үүсвэрүүд эрс нэмэгдэж байна. Тиймээс томоохон төслүүдийг хэрэгжүүлэх цаг үе, санхүүгийн эх үүсвэрийн нөхцөл тохиочихоод байна. Нөгөө талд нь мартаж болшгүй зүйлүүд бий. Аль ч хэлбэрээр мөнгө босголоо гэсэн төлбөрийг нь ямар нэг хэлбэрээр төлж л таарна.
-Та мега төслүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Дээр дурдсан санхүүгийн болон цаг үеийн факторт суурилсан бодитой төслүүд үү, эсвэл нэр хүнд олох, суудалдаа удаан суух гэсэн залуу Ерөнхий сайдын мөрөөдлийн жагсаалт уу?
-Сэтгүүлч та нар хүртэл асуудалд ингэж хандаж болохгүй, юу нь бүтэх, эс бүтэх талаар судалж, олон нийтэд тайлбарлаж мэдээлж өгөх үүрэгтэй. Би 14 мега төслийг бүгдийг нь дэмжиж байгаа. Хэрэгтэй болоод л, зайлшгүй хийх ёстой цаг үе нь тулчихсан учраас л гаргасан ажлын төлөвлөгөө. Үүнийг одоо хэрэгтэй юу, үгүй юу гэж ярилцах нь ч утгагүй.Ер нь заавал эдийн засгийн шалгуур тавьж, үр ашиг харах албагүй том төлөвлөгөө аль ч улс оронд байдаг. Тухайн улс орны хөгжлийн шатанд зарим төслийг ашиг харахгүй, бодлогын чанартай хэрэгжүүлэх шаардлагатай байдаг юм. Тийм ганц нэг төсөл энэ 14 дотор байна.
Төслүүдийн талаар ярихдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Эдгээр төслийн аль нь ч алга урвуулахын дайтай амархан ажил биш. Үе шаттай явагдана. “Эхэлнэ” гэдэг ямар хэцүүг эхэлж үзсэн, хийж байгаа, хэцүүг нь мэдэх хүмүүс л ойлгоно. Энэ бол том ахиц. Хамгийн гол нь дээрх мега төслүүдийг санхүүжүүлэх механизмууд нь тодорхой бөгөөд боломжтой болчихоод байна. Үүн дээр ажиллаж чадах монгол хүмүүс, шинжээчид хэчнээн байна вэ, тэд шударга ажиллаж чадах уу гэдэг асуудал чухал.
-Энэ долоо хоногт манай Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Ерөнхий хэлэлцээрийг батлах гэж байна. Арван жилийн өмнө “Шенхуа”-аас харамлаж үлдсэн ордоо одоо “Чайна энержи” компанитайнаймаалцахдаа яаж ашигтайгаар гэрээ байгуулах вэ гэдэг асуудал тулгараад байна. Энэ нь дэлхийн чиг хандлага нүүрсийг шахах уу, эс шахах уу гэсэн Америк, Хятадын “худалдааны дайн”-тай ч давхцаж таарахаар байгаа нь сонирхолтой?
-Үүнд ерөөсөө шинэ, цочирдом юм байхгүй шүү дээ. Урьд нь ч нүүрсээрээ л тооцоо хийж байсан. Өмнөхөөсөө арай илүү нөхцөлтэй, барьцтай гэрээ хийж чадахаар болсон гэж бодож байна. Төслийн үр дүнд хөгжлийн том зорилтод хүрч чадаж байгаа тохиолдолд, тухайлбал төмөр замаа холбочихсон бол хожмын өдөр хайран нүүрс, хямд өгчихөж гэж гоншгоноод байх нь утгагүй юм. Өнөөдрийн үнэ, арван жилийн өмнөх болон дараах нэг цент өөр үнэлэмжтэй. Энэ бол улс төр хийх сэдэв, барьц огт биш. Чи санаж байгаа бол 1997 оны Ашигт малтмалын тухай хууль тухайн үедээ дээд зэргийн либерал хууль байсан. Дуртай нь, чаддаг нь ороод ир гэсэн агуулгатай. Тэр үед хэн орж ирсэн бэ. Хэн ч орж ирээгүй. Яагаад гэвэл манай улсад тэр үед “Стэнд бай” хөтөлбөр л аминд ордог байсан. Тэр хөтөлбөр хэрэгжиж байхад хэчнээн сайхан либерал хуультай байсан ч гадны хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Дээр нь төр, засаг тогтворгүй байсан. Нэг намынхан дотроо хөрвөөгөөд дөрвөн Засгийн газар солигдож байхад гадны хөрөнгө оруулалт орж ирэх үү?
Тэгэхээр улс төрийн нөхцөл, төр, засгийн тогтвортой байдал томоохон төслүүдийгхэрэгжүүлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад маш чухал үзүүлэлт байдаг. Тиймээс өчигдрийн төрийн шийдвэрийг өнөөдөртэй харьцуулж шүүмжилж, өнөөдрийнхийг маргааш нь яллаж болдоггүй. Тухайн цаг үедээ л хамгийн зөв шийдвэрийг гаргаж байгаа нь тэр байдаг юм. Нэмж сануулахад хорвоо дэлхий дээр үнэ төлбөргүй зүйл гэж үгүй. Хэрэв бид аливаа гэрээг ашиггүй байжээ гэж үзвэл энэ нь тухайн цаг үед нийгэм, улс төр, төрийн тогтолцоо, улстөрчдийн чанар чансаа, шударга байдал ямар байсан юм бэ гэдгийн л илрэл. Шударга биш байсан бол ашиггүй л гэрээ байгуулагдаж таарна. Өөрөөр хэлбэл,энэ гэрээнүүдээр бид улсынхаа түүхийг бичиж байдаг юм. Одоогоор бол төрийн бодлого нь саарал ордондоо биш нийгмийн сүлжээнд байдаг болчихсон. Улс төрд бизнесийн ямар бүлэглэлүүд орсон, Сангийн сайд нь улстөрчдөд дөрлүүлсэн эсэх, сөрөг хүчин нь олонхийн намдаа барьцаалагдсан уу гэхчлэн тухайн үеийн бүх тусгал гэрээнээс харагддаг.
-Хамтарсан Засгийн газрын нүүр царай, түүн доторх сөрөг хүчний талаар ямар бодолтой байна. “Амин сүнс” нь хааччихаад амьгүй албатууд болчихов?
-Хүнээсээ хамаарч байна. Нэгэнт эрх барьж байгаа хүн ч, улс төрийн хүчин ч эрх мэдлээ хүнд бэлэглэчихье гэж бодохгүй. Аль болох удаан хадгалахыг хичээнэ. Хадгалах арга зам нь юу байх вэ. Одоо харж байхад дээрх 14 мега төслөөс нэг, нэгийг хариуцуулж өгөөд, “олон юм ярихгүй шүү” гээд тохирчихсон юм болов уу гэж харагдаж байна. Жишээ нь манай Ардчилсан нам дээр л гэхэд Л.Гантөмөр гэдэг хаан шиг товарищ суучихсан. Уг нь Ардчилсан нам “худлаа үнэн ч гэсэн” дүрэмтэй. Үндэсний бодлогын хороохуралдаад шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл тэр хурлыг ор нэр төдий хийдэг, залилдаг болсон. Сайн муу ч гэсэн дүрмээ дагая гэж зориглож болно шүү дээ. Намын холбогдох инститүциүдыг ажиллуулахгүй байна гэдэг нь Л.Гантөмөр намын гишүүд, ҮБХ гишүүдэд огт итгэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр хүнээсээ хамаарч байгаа гэдгийг бодолцох ёстой.
-Л.Гантөмөрийн ард түүнийг нам дотор нь дарга болгосон “Женко” бүлэглэл бий гэвэл та санал нийлэх үү. Энэ нь танай намыг яг компани шиг худалдаад авчихсан юм шиг үхмэл, хүлцэнгүй байлгах болсон нөлөөлөл мөн үү?
-Надад бол тийм зүйл харагддаггүй. “Женко” дээр надад юу ажиглагддаг вэ гэхээр популизм нь дэндчихээд байгаа юм. Чихэнд чимэгтэй, гоё уриануудыг амархан олох юм, золиг чинь. Гэхдээ тийнхүү олныг дагуулж байгаагийнх нь цаана ямар бодлого нуугдаж буйг би мэдэхгүй.
-Оросын нөлөөлийн талаар та ямар бодлолтой явдаг вэ. “Дайнч” Орос хөршөө дагавал хоригт орох ч аюултай байдаг. Бид нэг талаас нүүгээд зугтаж чадахгүйн учир хөршүүдтэйгээ эв найртай байх, нөгөө талаас бие даасан гадаад бодлоготой орны хувьд гуравдагч хөршүүдтэйгээ болон барууны өндөр хөгжилтэй орнуудтай хамтран ажиллаж, хараат бус байдлаа салж алсрах чиглэл рүү тэмүүлж байна. Ямар байгаасай гэж та боддог вэ?
-Дээр үед Чингис хаан бол сүрхий байлдахаасаа илүүтэй давхиж очоод “амар амгалан Энхтайванч байцгаая, харилцан ашигтай худалдаа хийгээд зөв сайхан амьдаръя” гэдэг байжээ. Эдүгээ бид хоёр хөрштэйгээ “сайн хөршийн харилцаатай” байх нь Монгол төрийн бодлогын маш чухал шийдвэр. Сайн хөршийн харилцаа нь ерөнхий үг боловч дотор нь задлах ёстой. Улс төрийн, эдийн засгийн, нийгмийн харилцаанд яаж илрэх ёстойг зөв томъёолж, эрх ашгаа тод харж байх хэрэгтэй. Эдийн засгийн харилцаа нь харилцан ашигтай байх нь чухал. Д.Трампын яриад байгаа зүйл тэр шүү дээ. Худалдааны тэнцлээ л аваад үз. Хэлэх зүйлээ хэлж чаддаг байх ёстой. Монгол гэдэг чинь урваж шарвасан улс биш гэдгээ дэлхий дахинд маш сайн нотолж байх ёстой.
Бид өөрийн үнэт зүйлтэй. Эрхэмлэж нандигнадаг, тууштай баримталдаг зарчмуудтай гэдгээ хаана ч зарлаж байх ёстой. Хүний эрхийг, энхтайвныг дээдэлнэ, шударга худалдааг эрхэмлэнэ. Харилцан ашигтай худалдаа хийх зарчимтай. Хэн нэгний нутаг дэвсгэрийг булаан эзэлж болохгүй, бүрэн бүтэн байдалд нь хүндэтгэлтэй хандах ёстой. НҮБ-ын дүрмийн нэгдүгээр заалт бол бидний баримталдаг зарчим шүү гэдэг байр сууриа дэлхий даяар чанга дуугаар зарлан тунхаглаж байх ёстой. Энэ чухал үүргээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн биелүүлж яваа гэж боддог.
Том гүрнүүд өнөөдөр хоорондоо яриа хэлэлцээ өрнүүлжбайна. Манайд шууд хамаарахгүй боловч “Худалдааны дайн бол асуудлыг шийдэх зөв гарц биш. Яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдэх бүрэн боломжтой” гэдэг байр сууриа Монгол Улс хэдийнэ илэрхийлчихсэн, хэрэв байдал хурцадвал манай талд хэрхэн тусах вэ гэдгээ урьдчилаад тооцчихсон байх ёстой.
-Та ОУПХ /Олон улсын парламентын хороо/-нд Монголын парламентыг төлөөлж байсны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр буй болсон парламентын шинэтогтолцоо, үйл ажиллагааны талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-126 шинэ хэлбэр л юм даа. Урьд нь гүйцэтгэх засаглалтайгаа учраа олохгүй, харилцан бие биеийнхээ ажлыг чөдөрлөөд байсан учраас тэр чөдөр зангилааг тайлах гэсэн оролдлого мөн. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн манай зарим Ерөнхийлөгч Засгийн газрын ажил руу орж, ажлыг нь хийдэг байлаа. УИХ-ын дарга нь сайд, дарга нарыг орлож, Гүйцэтгэх засаглалын ажилд ордог. Гүйцэтгэх засаглал нь парламентын эрх мэдэл рүү ордог, ажлыг нь хийлгэхгүй явдал ч байсан. Парламент дээр шүүмжлэл гарахаар шүүх, цагдаагаар айлган сүрдүүлдэг, дарамталдаг, парламентын болон парламентын гишүүний хараат бус байдал алдагдсан байсныг засаж залруулах гэсэндээ 126 гишүүнтэй болсон байх.
Гэхдээ 126 гишүүний өнөөгийн байдлыг харахад ажил хэрэгч шийдэл гэхээсээ илүү ямар ч аргаар хамаагүй “бусад 125 дотроосоо ялгарах”, нийт ард түмэнд өөрийгөө таниулах гэсэн оролдлогууд л харагддаг. Парламентын гишүүн бол хууль батлах том үүрэг хүлээсэн ч жирийн иргэн байх ёстой. Дарга, цэрэг биш шүү дээ. Таны үүрэг бол хууль тогтоох. Хуулиа л тогтоо. “Нялхсын өвчин”-өө хойш тавь гэмээр санагддаг. Дөнгөж ажлаа эхэлж байгаа шинэ парламент учраас найдаад ажиглаж байя. Хөлд, хэлд орох арай л болоогүй баймаар. Гэтэл зарим нь хөлд орохоосоо түрүүлж хэлд орчихоод ичээгээд л байх юм.
-Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)