Оросын арми бүтэн хагас жилийн турш Хойд Солонгосын цэргийн тусламжтайгаар Курск мужаа эргүүлэн авч чадахгүй байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид Оросын талд байлдсаар байгаа боловч их хохирол үзэж дайны санаачлагыг гартаа авч чадахгүй байна.
Шинжээчдийн судалгаагаар одоогоор Хойд Солонгосын 8000 гаруй цэрэг Оросын Курск мужид байрласаар байна. Анх Орос улсад Хойд Солонгосын 12 000 цэрэг Орост нууц байдлаар хагас жилийн өмнө орж ирсэн юм. Хойд Солонгосын цэргийг Оросын армийн формоор хувцаслаж Оросын Буриад, Тува улсын иргэний хуурамч үнэмлэхээр хангаж байлаа.
Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосынармийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ. Дэлхийн зарим мэдээллийн агентлагууд Хойд Солонгосын цэргийг Курскээс татсан хэмээн мэдээлсэн нь худал мэдээлэл юм байна. Тэнд одоо болтол Хойд Солонгосын арми байрласаар байгаа юм байна.
ОХУ болон Хойд Солонгос улс аман дээрээ Орост Хойд солонгосын нэг ч цэрэг байхгүй хэмээн мэдээлж багаа боловч ачир дээрээ хойд Солонгосын 12 000 цэрэг орж ирсэн бөгөөд одооны байдлаар Хойд Солонгосын 2 цэрэг Украинд олзлогдож тэдний эмнэлэгт байгаа байдлыг дэлхий даяар харуулаад байна.
Тэрхүү хоёр хойд солонгос цэрэг Украинд олзлогдсоноо ч мэдэхгүй, хаана ирснээ ч мэдэхгүй, Оросын Тува улсын иргэн Ооржак гэх мэтийн хуурамч нэртэй бичиг баримттай байна. Олзлогдсон 2 цэрэг өөрсдийгөө Орос улсад цэргийн сургуулилт хийхээр ирсэн гэж мэдэгдэж байлаа. Харин тэднийг Украины ерөнхийлөгч Оросын талд олзлогдсон украин цэргүүдээр солино гэж байсан. Энэ бол буруу шийдвэр байх шүү. Учир нь олзлогдсон хойд солонгосын 2 цэргийн ар гэр, ах дүү, аав ээжийг нь хойд солонгосын коммунистууд шууд л барьцаалж шоронд хорьж цаазлах ял тулгадаг гэнэ лээ. Тэднийг ингэж зовоохын оронд олзлогдсон хойд солонгос цэргийг маш нууцаар Өмнөд Солонгост аваачиж эрх чөлөөтэй солонгос хүн болгох нь зөв байх шүү.
2024 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгост айлчилж хэрэв аль нэг улс Орос болон Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэхийг завдвал харилцан цэргийн тусламж үзүүлэх гэрээ байгуулжээ. Дэлхийд эдүгээ ганц хүний дарангуйлалтай Орос орон, улаантан коммунист Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх гэсэн нэг ч улс байхгүй бөгөөд орчин үед дайн хийдэг улс гэж тэднээс өөр байх ч үгүй юм.
Оросын арми Украины Луганск, Донецк, Херсон, Запорож зэрэг мужуудыг 2022 оноос эхэлж дайрч эзлэн авсны хариу болгож Украины арми 2024 оны 8-р сарын 6-ны өдөр Оросын Курск муж руу гэнэтийн довтолгоо хийж Курскийн 1000 квадрат км газар нутгийг эзлэн авч 6 сарын турш Курск мужийн их хэмжээний газар нутагт хяналтаа тогтоогоод байсан билээ. Энэ бол Оросын түрэмгийллийн эсрэг Украины хийсэн хариу үйлдэл юм. Энэ явдал бол дэлхийн 2-р дайнаас хойш Орос улс анх удаа нутаг дэвсгэрээ алдсан тохиолдол юм.
Одооны байдлаар Украины арми Курскийн эзэлсэн газар нутгийн 40 хувийг Оросын армид буцаан алдаж, үлдсэн 600 квадрат км газар хяналтаа тогтоосон хэвээр байна.
Хойд Солонгосын цэрэг Украины эсрэг хэрхэн тулалдаж байгааг тодруулахад Хойд солонгосын цэрэг биеийн хүчний болон буудлагын тактик, үзэл суртлын хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн нь харагдаж байна. Харин тэд орчин үеийн дайны туршлага огтхон ч байхгүй байна. Тэд яг л 75 жилийн өмнөх шигээ улаан тугаа мандуулж ура хашгиран урагшаа дайрч хүний олноор Өмнөд Солонгосын эсрэг дайн хийсэн тактикаа яг хэвээр нь хэрэгжүүлж байна. Гэвч тэдний бөөнөөрөө эгнээ эгнээгээр долгион маягаар дайрдаг тактик нь орчин үед бөөнөөрөө их буу, пуужин, дроны махан зууш болдог гэдгийг тэд хараахан ойлгоогүй байна. Хойд Солонгосын цэргүүдийн орос хэл ойлгох чадвар муу, цэргийн хоол хүнс нь таардаггүй, цаг агаарын хүйтэн нөхцөлд байлдаж байгаа зэрэг нь тэдний байлдааны чадварыг бууруулж байна.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар сүүлийн үед Хойд солонгосын цэргүүд Украины дроны эсрэг өөрсдийн аргаар тулалдаж байгаа ажээ. 3 солонгос цэрэг дроны эсрэг байлдлаа гэж бодоходтэд нэгийгээ амьд бай болгож дроны анхаарлыг татаж ойртуулаад нөгөө 2 солонгос цэрэг нь автомат буугаар дроныг мэргэн буудаж устгаж байгаа ажээ. Солонгос цэргүүд амьдаараа бууж өгдөггүй, хэрэв бууж өгөх байдалд орвол шууд амиа егүүтгэдэг ажээ. Солонгос цэрэг буудахдаа мэргэн байдаг хэмээн ажиглагчид үзэж байна. Солонгос цэрэг зугтахдаа ямарч эмх замбараагүй бөөнөөрөө эргэж харалгүй зугтдаг гэнэ. Орос цэргүүд дроноос зугтахдаа модноос мод руу, ил газраас нуувч руу зугтдаг бол солонгос цэрэг ямар ч нуувч байсан хайхрахгүй тэр чигээрээ эргэж харалгүй бөөнөөрөө тархан зугтдаг ажээ.
Оросын армийн хувьд өөрсдөө хүн хүчний дутагдалд орсон үед гадаадын цэргүүд тэдний өмнөөс байлдаж байгаа нь тэдэнд ашигтай, оросууд өөрсдөө өөрийн хүчээ гамнасан, цаг хожсон зүйл болж байна. Хамгийн гол нь хойд солонгосын цэргүүд юуны төлөө, яах гэж Украины дайнд орж байгаагаа огт ойлгохгүй байна.
“Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр Хойд Солонгосын цэргүүд европт Оросын бууны нохой болж дайтаж байгаа нь үнэхээр харамсалтай тэнэг явдал болж байна. Хэдхэн мөнгө өгөөд харийн армийг байлдуулж байгаа нь Орост л ашигтай байна.
Харин Украины зэвсэгт хүчин тэдэнтэй яаж байлдахаа сайн мэдэж байна. Украины арми цөөн бүлгийн хүчээр тэдний бөөн хүчийг тарамдуулан цохиж байна. Ямар ч байсан Хойд Солонгосын арми Украины эсрэг дайнд орсон нь оросын арми Бага Покня голын баруун талыг эзлэхэд гол нөхцөл болж хэсэг хугацаанд хүн хүчний давуу байдлыг олж байлаа.
Харин Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн 4000 гаруй цэргээ алуулж шархдуулчихаад одоо дахин 100 000 солонгос цэрэг Орост нэмж илгээх, эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв дайн удаан үргэлжилвэл хүн хүчний дутагдалд орсон Оросын арми Хойд Солонгосын цэргийн хүчийг их хэмжээгээр ашиглах нь тодорхой юм. Оросын арми Хойд Солонгосоос их хэмжээний буу зэвсэг, их бууны сум, пуужин авсаар л байна.
Украины Армийн Жанжин штабын мэдээлснээр сүүлийн 6 сарын турш Курскт болсон тулалдааны үеэр Оросын арми 40 000 орос цэргээ алдаж, 909 орос цэргээ олзлуулсан байна. Оросын арми 7 хоногт дунджаар 1500 орос цэргээ алдаж байна.
Хамгийн сүүлийн Украины Жанжин штабын мэдээлснээр дайн эхэлснээс хойш 1082 хоногийн дотор Оросын арми нийтдээ 849 320 орос цэргээ алдаад байна.
Украины арми Оросын Курск мужийн 600 квадрат км газрыг эдүгээ хяналтандаа авсан хэвээр байна.
Украины арми удаан хугацаагаар хамгаалан байлдаж байгаад одоо Сужи нутгийн өмнөд талаар сөрөг довтолгоо хийж эхлээд байна.
Хамгийн сүүлд Украины ерөнхийлөгч В. Зеленский: “ Хойд Солонгосын цэргүүд дахин Оросын Курск мужид фронтын тэргүүн шугам дээр буцаж ирээд байна. Украины цэргүүд сүүлийн 3 долоо хоног Хойд Солонгосын цэргүүдтэй тулалдаагүй юм. Учир нь амьд хүчнийхээ 30.0 хувийг алдаж хохирсон Хойд Солонгосын цэргүүдийг оросууд фронтоос түр татан аваад байлаа. Харин саяхан оросын арми Курскт том довтолгоо явуулахдаа Хойд Солонгосын цэргийг ашигласан” хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү Хойд Солонгосын цэргүүд Оросын Курск мужид ялалт байгуулах, эсэх нь нь бүрхэг хэвээр хагас жил болоод байна.
Доржийн СҮХБААТАР 2025.02.10
Сэтгэгдэл (1)