БНХАУ-ын Харбин хотод үргэлжилж буй "Харбин-2025" Азийн өвлийн спортын IX наадмын долоо дахь өдөр Монголын биатлоны баг эрэгтэй, эмэгтэй буухиа төрөлд өрсөлдлөө.
Эрэгтэй багийнхан долоон улсын багийн дунд тавдугаар байр эзэлсэн бөгөөд Япон алт, Казахстан мөнгө, БНХАУ хүрэл медаль хүртэв. Манай улсын багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Ариунболд, Ж.Гантулга, О.Гантулга нар багтсан байна.
Эмэгтэйчүүдийн баг таван улсын дунд өрсөлдөж, мөн тавдугаар байрт бичигдэв. Энэ ангилалд БНХАУ алт, БНСУ мөнгө, Казахстан хүрэл медаль хүртсэн бол Монголын багийн бүрэлдэхүүнд М.Должинсүрэн, Д.Энхчимэг, Х.Сумъяа, Х.Эрдэнэтунгалаг нар багтлаа.
Азийн өвлийн спортын наадам үргэлжилж байгаа бөгөөд Монголын тамирчид бусад төрлүүдэд өрсөлдөхөд бэлэн байна.