Мюнхен хотын төвд Mini Cooper загварын автомашинтай этгээд үйлдвэрчний эвлэлийн жагсаалд оролцогчдыг дайрч, 28 хүн гэмтэж бэртсэн тухай Бавариа мужийн Дотоод хэргийн сайд Йоахим Херрман мэдээлэв.
Хэрэг явдал тус хотын галт тэрэгний төв буудлаас холгүй орших Штигльмайерплац талбайд пүрэв гаргийн үд дунд болсон бөгөөд Verdi үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан жагсаалын үеэр үйлджээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд хүүхдүүд байсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар Мюнхен хотын дарга Дитер Райтер онцолсон байна.
Халдлага үйлдэгч эхлээд цагдаагийн машинд дөхөж ирснээ гэнэт хурдаа нэмэн жагсагчид руу дайрчээ. Цагдаа нар түүний машиныг буудан зогсоож, жолоочийг нь баривчилсан бөгөөд тэрбээр хөнгөн шархадсан байжээ. Баривчлагдсан этгээд нь 24 настай Афганистаны иргэн байсан бөгөөд Германд улс төрийн орогнол хүссэн ч хүсэлт нь хүлээн авагдаагүй байжээ.
Тус этгээд өмнө нь дэлгүүрээс хулгай хийх, хар тамхи борлуулах гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагын хараанд орсон байсан аж. Бавариа мужийн Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, түүнийг албадан гаргах боломжгүй байсан учраас Германд түр хугацаагаар байхыг зөвшөөрсөн байна.
Тэрбээр 2016 онд насанд хүрээгүй байхдаа Германд ганцаараа ирж, орогнол хүссэн ч хүсэлтийг нь хүлээн аваагүй тул шүүхэд хандсан байна. Гэвч шүүх түүнд сөрөг хариу өгч, албадан гаргах шийдвэр гаргасан боловч хэрэгжүүлээгүй аж.
Мюнхений цагдаагийн газар түүний амьдарч байсан Зольн дүүрэг дэх орон сууцанд нэгжлэг хийсэн бөгөөд хэргийн нарийн учир шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: DW