Зайсангийн зүүн гүүрийг хааж, буулгах ажил эхэлснээс хойш 20 гаруй хоног өнгөрөөд байна. Өнөөдрийн байдлаар хуучин гүүрийг буулгах, шинэ гүүрний шон суурь цутгах, арматур бэлтгэх ажлууд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн мэдээлснээр газрын түвшнээс доош 17 метр гүнд шинэ шон суурийг байрлуулах ажил үргэлжилж байна.
Шинэ гүүрний үйлдвэрт цутгасан дам нурууг энэ долоо хоногоос эхлэн тээвэрлэж, угсралтын ажлыг хуваарийн дагуу явуулж, ирэх зургаадугаар сард гүүрний хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.
Зайсангийн хуучин гүүрийг 57 жилийн өмнө ашиглалтад оруулсан бөгөөд түүнээс хойш огт засвар хийгдээгүй юм. 2012 онд хийсэн мэргэжлийн дүгнэлтээр тус гүүрийн ашиглалтын түвшин D үнэлгээ хүртэл буурч, хэзээ ч нурж болзошгүй гэсэн дүгнэлт гарч байсан. Үүний дагуу 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр урт, дөрвөн эгнээтэй төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн.
Төслийн эхний шатанд баруун гүүрийг барьж дуусган, 2023 оны есдүгээр сард хөдөлгөөнийг нээсэн бол одоо зүүн гүүрийн шинэчлэл эрчимтэй үргэлжилж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам