Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, хэрэгжилтийг хангаж, санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах үүргийг Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярт даалгалаа.
Шинэчлэгдсэн журам нь УИХ-ын холбогдох тогтоол, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын хүрээнд боловсруулагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Малчны тухай хуульд заасан зохицуулалтыг тусгажээ.
Журамд дараах гол өөрчлөлтүүдийг тусгасан байна:
-
Гадаадад суралцах иргэдэд тавих сургуулийн шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” болон дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрийн шалгууртай ижил болгож, өндөр боловсрол эзэмшээд эх орондоо буцаж ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
-
2026 оноос гадаадад бакалаврын түвшинд суралцах зээлийг “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд зээл олгох зохицуулалт нэвтрүүлнэ.
-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн диплом, бакалавр, магистр, докторын зэрэгтэй сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан (БЗС) хариуцахаар болж, дэлхийн шилдэг их сургуульд урилга авсан тохиолдолд буцалтгүй тусламж олгоно.
-
2024–2025 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуульд нийт 436 хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бүртгэгдсэн байна.
-
Малчны тухай хуульд нийцүүлэн, 10-аас доошгүй жил ажилласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр тэтгэлгээр сургах зохицуулалтыг тусгасан бөгөөд уг тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгож эхлэх юм.
Журмын хэрэгжилт, хяналтыг сайтар зохион байгуулах, төсвийн зарцуулалтыг ил тод байлгахыг Засгийн газраас онцгойлон анхаарч буйг тэмдэглэв.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар