Цаг уурын байгууллагын тавдугаар сарын урьдчилсан мэдээгээр, Баянхонгорын ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулахад илүү дулаан байх бол бусад нутгуудад дунджаар байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хэмжээ нийт нутгаар олон жилийн дундажтай ойролцоо байна гэж мэдээлжээ.
Сарын агаарын төлөв байдлыг арав хоногоор задлан харвал:
-
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхээр нийт нутгаар ОЖД-аас 1-2 хэмээр дулаан байх
-
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр 1-3 хэмээр сэрүүсэх магадлалтай
-
Сарын дараа эхээр буюу зургадугаар сарын эхэнд ихэнх нутгаар агаар дулаарах хандлагатай байна
Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар нойтон цас орох, салхи ширүүсч, шороон болон цасан шуурга болох эрсдэлтэй. Харин сар дундаас хойш хур тунадас харьцангуй багасч, салхи тогтмол ширүүн байх төлөв ажиглагдаж байна. Гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар бороо орох магадлал өндөр байгаа ажээ.
Цаг уурын байгууллагаас хэрэглэж буй нэр томьёоны дагуу:
-
Нийт нутгийн 30 хувиас бага талбайд ажиглагдах тохиолдлыг “зарим газраар”
-
30-70 хувь орчимд тохиолдлыг “ихэнх нутгаар”
-
70 хувиас дээш талбайг хамарвал “нийт нутгаар” гэсэн тодорхойлолтыг ашигладаг байна.
Эх сурвалж: Аймгийн УЦУОШГ