2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Швейцарын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны ажилтан Кристина Хоффет, тус улсын Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Фабиан Бэерисвил нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай ардчилсан засаглалыг бэхжүүлэх, парламентын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй жил хамтран ажилласан үр дүнг онцоллоо. Тэр дундаа 2017–2023 онд хэрэгжсэн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Хяналт шалгалтын тухай анхны хууль батлагдаж, парламентын хяналтын шинэ тогтолцоо бүрдсэн нь онцлох амжилт байв.
Мөн тэрбээр Үндсэн хуулийн 2019, 2023 оны нэмэлт, өөрчлөлт болон гишүүдийн тоог 126 болгосон, эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон зэрэг өөрчлөлт нь ардчилал, жендэрийн тэгш байдлыг хангахад түлхэц өгсөн талаар танилцуулсан юм.
2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж буй “Парламентын институцийг бэхүүлэх нь” төсөл нь өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бататгаж буй бөгөөд шинэ стратегийн баримт бичигт хүн төвтэй, хүний эрхийг дээдэлсэн чиг хандлагыг тусгасан байна.
Швейцарын талын төлөөлөгч Фабиан Бэерисвил УИХ-ын Тамгын газартай хэрэгжүүлж буй төслүүд бодит үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “хамтдаа суралцаж, туршлагаа хуваалцан институцээ бэхжүүлэх” нь чухал хэмээн тодотголоо.
Талууд цаашид парламентын ажлын албаны чадавхыг сайжруулах, парламентын шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар