2025 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны татлагыг тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн татлага нь хилийн болон дотоодын цэргийн ангид цэргийн алба хаах иргэдийг хамруулж байгаагаараа онцлог юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Г.Ялалтын мэдээлснээр хугацаат цэргийн албанд татах ажил нь олон байгууллагын уялдаа холбоотойгоор явагддаг бөгөөд Засгийн газрын шинэ тогтоолын дагуу 1-3 дугаар дамжааны оюутнуудыг “оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулж, харин төгсөх ангийн оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлжээ.
Цэрэг татлагад оролцох иргэд дараах бичиг баримтуудыг биедээ авч очих шаардлагатай байна. Үүнд:
-
Иргэний үнэмлэх
-
Цэргийн үүрэгтний үнэмлэх
-
Мэргэжлийн үнэмлэх
-
Диплом болон холбогдох бусад баримт бичиг
Мөн хугацаат цэргийн албанд татагдагчид найман төрлийн шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэгт орно.
Цэрэг татлагыг нийслэлийн дараах цэгүүдэд зохион байгуулна:
-
Баянгол дүүрэг – 96-р сургууль
-
Баянзүрх дүүрэг – 14-р сургууль
-
Сүхбаатар дүүрэг – 3-р сургууль
-
Сонгинохайрхан дүүрэг – 83-р сургууль
-
Чингэлтэй дүүрэг – 5-р сургууль
-
Хан-Уул дүүрэг – 34-р сургууль
Эх сурвалж: НЗДТГ, Цэргийн штаб