УИХ-ын Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар өнөөдөр холбогдох ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрчим хүчний тухай хууль нь цахилгаан болон дулааны эрчим хүчийг нэгтгэн, ерөнхий зохицуулалттай байгаа тул нарийвчилсан, чиглэл тус бүрт оновчтой зохицуулалт дутагдалтай гэж үзэн шинэ хууль боловсруулж байгаа аж. Түүнчлэн хууль дагасан 800 гаруй дүрэм, журмыг цөөлж, шууд хуульчилсан зохицуулалттай болгох бодлого баримтлаж байгааг ажлын хэсэг онцолсон юм.
Шинэ хуулийн төсөл нь 15 бүлэг, 68 зүйлтэй бөгөөд дараах гол агуулгыг хамарч байна:
-
Дулааны эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, хуваарилалтын ил тод, шударга байдал
-
Эрчим хүчийг хэмжих, хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зохицуулалт
-
Дамжуулах, түгээх, хангах сүлжээний техникийн нөхцөл, холболтын харилцаа
-
Системийн бүтэц, хөгжлийн төлөвлөлт, бодлого
Мөн уг төсөлтэй зэрэгцэн боловсруулагдаж буй Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төсөл тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр бэлэн болох бөгөөд энэ хоёр хуулийг хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна.
Эдгээр шинэчилсэн хуулиуд нь эрчим хүчний салбарын оновчтой, уян хатан, үр ашигтай зохицуулалтыг бий болгож, хууль тогтоомжийн давхардлыг арилгах чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: УИХ-ын ажлын хэсэг