Монгол Улс "Girls in ICT" буюу "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын оролцоо"-ны өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU) энэхүү өдрийг 2011 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий нийтээрээ мэдээллийн технологийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихийг уриалсаар иржээ.
2025 оны “Girls in ICT” өдөрт зориулсан арга хэмжээг өнөөдөр /2025.04.30/ амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 150 гаруй охид оролцлоо.
Арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Юан Мү, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын зөвлөх М.Тулгат, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, ГХХАГ-ын дарга Г.Өнөрцэцэг, Систем нэгтгэлийн газрын Мобайл хөгжүүлэгч С.Цэвээнсүрэн, ХХЗХ-ны ЗХХ-ийн дарга А.Уранчимэг, Хөөрхөн зүрх ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь нар оролцож, технологийн салбарын чиг хандлага, боломжууд, охидын оролцоог нэмэгдүүлэх тухай чухал мэдээллийг хуваалцаж, урам зориг өгөх тал бүрийн мэдээллийг түгээлээ.
Мөн оролцогч охид кибер аюулгүй байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөө, мэдлэг мэдээллийг сонсож, харилцан санал солилцов.
“Girls in ICT 2025” арга хэмжээ нь охид, эмэгтэйчүүдийг мэдээллийн технологийн салбарт татан оролцуулах, тэднийг дэмжих, зөв мэргэжил сонголт хийхэд урам зориг өгөх, олон улсын туршлага, бодит амжилтын жишээнүүдтэй танилцуулах, цахим орчин дахь аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.