Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Япон Улсын иргэн, “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг түүний сүмо бөхийн спорт, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, Монголын бөхчүүдийн амжилтад үзүүлсэн дэмжлэгийг үнэлэн хүртээв.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, баяр хүргэсэн бөгөөд тэрбээр мөн Асахифүжи багш, Их аваргууд Хакүхо М.Даваажаргал, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нартай уулзалт хийлээ. Энэ үеэр хоёр орны найрамдал нөхөрлөл, соёл, спортын солилцоонд сүмогийн гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн юм.
Асахифүжи Сүгиномори Сэйяа нь мэргэжлийн сүмод 1981 оноос барилдаж, 1990 онд Ёкозүна цол хүртэн, 1992 онд зодог тайлснаас хойш “Исэгахама” дэвжээний багшийн хувиар олон аварга төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тэрбээр Хакүхо, Харүмафүжи, Тэрүнофүжи нарын амжилтад онцгой дэмжлэг үзүүлсэн төдийгүй Монголын олон хүүхэд, залуусыг сүмогийн спортоор хичээллэхэд урам зориг өгч, гүүр болсон юм.
Энэхүү шагнал нь Монгол, Японы ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг алдаршуулсан билээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба