Боловсролын яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-ийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж, лабораторийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Эдгээр тоног төхөөрөмжүүд нь сургалтын чанарыг олон улсын түвшинд хүргэх, лабораторийн орчинг шинэчлэх, онолын мэдлэгийг бататгах, туршилт судалгааны ажил гүйцэтгэх боломжийг багш, оюутнуудад олгож байгаараа онцлог.
Төслийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2014–2025 онд Монгол Улсын их сургууль болон ШУТИС-ийн нийт 91 лабораторид 16.9 сая ам.долларын өртөг бүхий 686 нэр төрлийн 3629 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үе шаттайгаар нийлүүлээд байгаа юм. Энэхүү дэмжлэг нь инженер, технологийн боловсролын чанарыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам