Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон АНУ-ын Потомакийн их сургууль боловсрол, судалгаа, засаглал, технологийн чиглэлээр хамтран ажиллахаар албан ёсоор гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, тус их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар гарын үсэг зурсан байна.
Хамтын ажиллагааны хүрээнд соёлын солилцоо, хурал, семинар зохион байгуулахын зэрэгцээ оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийслэлийн төрийн албан хаагчдыг ухаалаг хотын хөгжлийн чиглэлээр цахим сургалт, боловсролын платформ ашиглан мэргэшүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын удирдлага, засаглалын чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ухаалаг технологийг нийтийн үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг өргөн хүрээний хамтралын төлөвлөгөөтэй байна.
Талууд 2023 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нийслэлийн төрийн албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай юм.
Эх сурвалж: НЗДТГ