Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох гэж байна.
Энэхүү уралдааны зорилго нь төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөх Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, монгол бичгээр цахим орчинд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэх үндэс суурийг тавихад чиглэж байгаа юм.
Уралдааныг мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хоёр ангиллаар, юникодын болон юникодын бус фонтоор бичих хэлбэрээр танхим болон цахимаар зохион байгуулна. Шилдэг оролцогчдод шагналыг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний номын санд гардуулах аж.
Энэхүү тэмцээн нь монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, монгол бичгээр бичих, боловсруулах ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм.
Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний номын сан