Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ төсөл нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумдын нутаг дэвсгэрт орших Орхоны хөндийн 189 мянган га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутагт ирээдүйд 500 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулах зорилготой.
Хотын бүтээн байгуулалтад олон улсын стандарт бүхий 4Е ангиллын нисэх онгоцны буудал, 4800 га талбайд тээвэр-логистикийн нэгдсэн төв, 2450 га талбайд Өгийнуурын аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн кластер зэрэг томоохон дэд бүтцүүдийг төлөвлөжээ.
Хархорум хотыг байгуулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чухал зорилтуудын нэг юм.
Хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, нийт талбайн 50 хувийг ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Мөн сэргээгдэх эрчим хүчээр хотын цахилгааны хэрэглээг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа нь уг хотыг хангайн бүсийн эдийн засгийн төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.
Түүнчлэн эртний нийслэл Хархорумын туурийг хамгаалах, судлах хайгуул, малтлагын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101.7 км авто зам, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам болон Улаанбаатар-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.