Монголын Үндэсний музейгээс санаачлан “Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” анхдугаар үзэсгэлэн энэ өдрүүдэд олны хүртээл болж байна. Энэхүү үзэсгэлэн нь нүүдэлчдийн язгуур соёлын нэгэн өв болох аман хэл хуур хөгжмийг олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Хэл хуур хөгжим нь дэлхийн 160 гаруй оронд тархан хөгжиж, тухайн орны байгаль, цаг уур, ард түмний сэтгэлгээ, зан заншилтай уялдан хөгжсөн байдаг. Үзэсгэлэнд Монгол, Австри, Франц, Япон, Хятад, Оросын Якут, Тува, Польш, Унгар зэрэг 20 гаруй угсаатны 90 орчим аман хэл хуур дэглэгдэн тавигджээ.
Тухайлбал:
-
Хүннүгийн үеийн ясан хуурын хуулбар загвар
-
Эртний баатруудын хэрэглэж байсан “Нуман хуур”
-
Бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур
-
Буган чулуунд сийлэгдсэн “Хулсан хуур”
-
Торгоны замаар нэвтэрсэн хулсан хуурын түүх
-
Якут мастеруудын тухайн хүний хоолойнд тохируулан урласан хуур
Монголын Үндэсний музейн тайлбарлагч М.Мөнхнайрамдал “Эртний хуур хөгжмийн хөгжлийг үзүүлсэн эдгээр дурсгалууд нь зөвхөн хөгжим төдийгүй соёлын мэдээллийг дамжуулах, дохио өгөх хэрэгсэл байжээ. Нум сумыг ашиглан дуу авиа гаргаж байсан нь хожим хөгжмийн зэмсэг болон хөгжсөн. Харин хулсан хуур нь буган чулуунд сийлэгдэн үлдсэн бөгөөд Д.Сүхбаатар жанжин Богдод илгээх бичгийг ташуур дотор нуусан нь энэ хэлбэрийн хуурт нөлөөлсөн байх магадлалтай” хэмээн тайлбарлалаа.
“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн нь Монголчуудын соёл, урлагийн гүн гүнзгий түүхэн өвийг дэлгэн харуулж байгаагаараа онцлог бөгөөд энэ сарын 18-ныг дуустал олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байна.