Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт өчигдөр болж өндөрлөв. Үндэсний сонгуулийн зөвлөлөөс мэдээлснээр, саналын хуудасны 92.65 хувийг тоолж дуусахад одоогийн ерөнхийлөгч Даниел Нобоа 55.87 хувийн санал авч, сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсон байна.
Гэвч зүүний чиг баримжаатай “Иргэний хувьсгал” хөдөлгөөний нэр дэвшигч Луиса Гонзалес сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ “Бид төлөөлж буй ард түмнийхээ нэрийн өмнөөс Үндэсний сонгуулийн зөвлөлөөс танилцуулсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээгээд, Эквадорын иргэд “сонгуулийн илэрхий луйврын гэрч боллоо” хэмээн мэдэгдэв.
Мөн тэрбээр саналын хуудсуудыг дахин тоолох, саналын хайрцгуудыг онгойлгож хяналт хийхийг шаардах болно гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: TASS