Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан, энэ сарын 16-22-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд циркийн үнэ төлбөргүй тоглолт болох гэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй уг арга хэмжээнд дэлхийн шилдэг циркийн уран бүтээлчид оролцох нь онцлог юм.
Тодруулбал, өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт тусгайлан барьсан асарт 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлнэ. Олон улсын Монте Карло, Ухань, Учао, Дюмон зэрэг нэр хүндтэй тэмцээнүүдээс шагнал хүртсэн хамтлагууд энэ арга хэмжээнд оролцоно.
Тухайлбал, Хятадын Учаогийн “А” зэрэглэлийн тэмцээнээс “Алтан арслан” шагнал хүртсэн Б.Номуунбаатар ахлагчтай дээсээр наадагчид, Монте Карлогийн 47 дахь удаагийн наадмын “New generation” төрөлд “Алтан цом” хүртсэн Т.Буд багштай уран нугаралтын баг өөрсдийн олон улсын медальт үзүүлбэрийг Монголын үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ