“Apple” компани өнгөрсөн онд “iPhone” ухаалаг утасныхаа Энэтхэг дэх үйлдвэрлэлийг 60 хувиар өсгөсөн талаар “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Энэ нь тус компанийн Хятадад төвлөрсөн үйлдвэрлэлээс хамаарал багасгах, улс орнууд дахь үйлдвэрлэлээ төрөлжүүлэх стратегийн хүрээнд хийгдэж буй алхам юм.
Одоогийн байдлаар “Apple” нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа бөгөөд тус улсын зах зээл дэх хувь нь 8 орчимд хүрээд байна. Үйлдвэрлэл нь 22 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрч, “Foxconn Technology Group” болон “Tata Group” гол ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Энэтхэгт “iPhone”-ий бүх загварууд угсрагдаж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс үйлдвэрүүдийг Америкт буцаах бодлогыг дэмжиж, электрон төхөөрөмжид ногдуулах тарифын зохицуулалт хийж байгаа ч ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс татвараас чөлөөлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, “Apple”-ийн үйлдвэрлэлийг АНУ-д шилжүүлэх нь нарийн нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистикийн өртөг, ажиллах хүчний өндөр зардлаас шалтгаалан бодит байдал дээр хэрэгжихэд хүндрэлтэй байна. Үүний улмаас “iPhone” гар утасны үнэ АНУ-д 43 хувиар нэмэгдэж, зарим загварын үнэ 2300 ам.долларт хүрч болзошгүй байна. Хэрэв үйлдвэрлэлийг бүрэн Америкт шилжүүлбэл 3500 ам.долларт хүрэх эрсдэлтэй гэдгийг шинжээчид онцолжээ.
Эх сурвалж: Bloomberg