Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймэр болон аврах ажиллагааны нийт 101 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гал түймрийн дуудлага 96, аврах ажиллагааны дуудлага тав байсан бөгөөд алба хаагчид 151 иргэний аюулгүй байдлыг хангаж, 4 тэрбум 951 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Хуурайшилт ихтэй энэ үед ногоон бүсэд гал түймрийн тоо нэмэгдэж, шар өвс шатсан 39 дуудлага бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид эдгээр дуудлагад богино хугацаанд шуурхай ажиллаж, бүх галыг бүрэн унтраасан талаар мэдээлжээ.
Мэргэжлийн байгууллагууд нийслэлийн ногоон бүсийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр хамтарсан эргүүл хяналт хийж, галын аюулаас сэргийлэх арга хэмжээг авч байгаа юм. Иргэдийг зуслангийн чиглэлд ил задгай гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай төмөр саванд хийх, гагнуур хийхгүй байх зэрэг галын аюулгүй байдлыг чанд мөрдөхийг албанаас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: НОБГ