Монгол Улсын Амьтны тухай хуулийн дагуу загас үржих буюу түрс шахах улиралд дараах хугацаанд загас барих, агнахыг хатуу хоригложээ. Тодруулбал:
-
Хавар түрсээ шахдаг загас: дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл
-
Дархадын цагаан загас: наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 20 хүртэл
-
Омоль загас: наймдугаар сарын 30-наас аравдугаар сарын 30 хүртэл
-
Цагаан зарам загас: есдүгээр сарын 5-наас дараа оны нэгдүгээр сарын 30 хүртэл
Эдгээр хугацаанд загас агнахыг хориглосон нь загасны үржлийг дэмжиж, нөөц хомсдохоос сэргийлэх чухал арга хэмжээ юм. Хэдийгээр нэг загас мянга, түмээр тоологдох түрс гаргадаг ч байгалийн жамаар өсөж төлжих боломжтой нь маш бага байдаг. Авгалдай, жарамгай, жараахай шат дамжин өсөх явцдаа байгалийн шалгаралд өртөн цөөн тоо нь л амьд үлддэг тул үржлийн үед нь баривал тухайн жилийн төл бүрэн үгүй болж, загасны нөөцөд ноцтой хохирол учирна.
Иймд загасчлах хүсэлтэй иргэд загасны төрөл зүйл, амьдралын онцлогоос хамаарсан хуульд заасан хориглосон хугацааг чанд мөрдөх, зөвхөн ахуйн зориулалтаар барих журамтай нийцүүлэн үйл ажиллагаа явуулах шаардлагатайг Экологийн цагдаагийн албаас анхаарууллаа.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба.