Японы зүүн хойд хэсэгт орших Цүмагой цанын баазад анх удаа зохион байгуулагдсан цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Н.Лувсаншарав амжилттай оролцож, хос алтан медаль хүртлээ.
Тэрбээр эхний төрөл болох вертикал ангилалд 3.5 км, 610 метрийн өндөртэй замыг 28 минут 10 секундийн амжилтаар туулж түрүүлсэн бол дараагийн классик төрөлд 10 км, 850 метрийн зайг 52 минут 02 секундэд туулан дахин түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртжээ. Ийнхүү Монгол Улсын төрийн дуулал энэ тэмцээнд хоёр ч удаа эгшиглэсэн юм.
Н.Лувсаншарав нь өмнө нь буюу 2023 онд цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга болсон туршлагатай бөгөөд энэ удаагийн тэмцээний бэлтгэлийг Говь-Алтай аймгийн уулархаг бүс нутагт хийн, өндөр бэлтгэлжилттэй оролцжээ. Хос ялалтаар тэрээр 2025 оны дэлхийн финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болсон байна.
Цастай уулын гүйлт нь тамирчдаас өндөр тэсвэр тэвчээр шаарддаг, байгалийн хүнд нөхцөлд гүйдэг онцлогтой шинэ спортын төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий даяар, тэр дундаа Монгол, Япон, Солонгос, Австрали болон Европын орнуудад эрчимтэй хөгжиж байна.
Эх сурвалж: МҮОХ