АНУ-ын Нью-Йорк хотын Хадсон голд пүрэв гарагт болсон нисдэг тэрэгний ослын улмаас зургаан хүн амиа алдсан талаар тус хотын эрх баригчид мэдээллээ. Хотын дарга Эрик Адамс хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хохирогчдыг уснаас гаргаж авсан ч бүгд нас барсан байсан хэмээн мэдэгдэв.
Осолдсон нисдэг тэрэг орон нутгийн цагаар 14:59 цагт хөөрч, 20 минутын дараа осолджээ. Цагдаа, аврах албаныхны шумбагчид аврах ажиллагааг яаралтай эхлүүлсэн ч нисгэгч болон таван зорчигчийг аварч чадаагүй байна.
ABC News агентлагийн мэдээлснээр, зорчигчид нь Европын технологийн “Siemens” компанийн захирал Агустин Эскобар, түүний эхнэр Мерс Камруби Монтал болон 4, 5, 11 настай гурван хүүхэд байжээ. Мөн 36 настай нисгэгч хамт явж байсан байна.
Хадсон гол нь Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн баруун хэсгээр урсдаг, хөл хөдөлгөөн ихтэй усан суваг юм. Өмнө нь 2009 онд “US Airways” компанийн онгоц Хадсон гол дээр ослын буулт хийж, 155 зорчигчийг эсэн мэнд аврах түүхэн үйл явдал болсон нь “Хадсон дээрх гайхамшиг” хэмээн алдаршсан билээ.
Эх сурвалж: ABC News, Нью-Йорк хотын захиргаа
Сэтгэгдэл (1)