Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд зургаан удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд ээлжит хаврын их цэвэрлэгээг гуравдугаар сарын 22-ноос эхлүүлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.
Их цэвэрлэгээний явцын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Иргэдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй, цэмцгэр байлгах үүднээс нийслэлийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг эхлүүлсэн. Энэхүү цэвэрлэгээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллагаас 20 мянга орчим нь идэвхтэй оролцож байна. Мөн 1000 гаруй СӨХ, төрийн 430, бизнесийн 2411 байгууллага, 201 ерөнхий боловсролын сургууль, 178 цэцэрлэгийн албан хаагчид цэвэрлэгээнд хамрагдаж байна” хэмээн онцолсон юм.
Цэвэрлэгээний хүрээнд нийслэлийн хэмжээнд:
-
50 мянган метр хайс хашаа угааж,
-
94 мянган га газрын ногоон зүлэгт цэвэрлэгээ хийж,
-
5.2 сая ам метр талбайгаас 39,200 тонн хог хаягдлыг цэвэрлээд байна.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан ойр орчны 50 метр талбайг тогтмол цэвэрлэж, хогийг ангилан ялгах, зам талбайг чийгтэй цэвэрлэхийг уриаллаа. Цаашид ч иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, нийслэлийг цэмцгэр, аюулгүй байлгахад анхаарлаа хандуулахыг албанаас онцолж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.