Их Британийн Ерөнхий сайд Киир Стармер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифын бодлогын нөлөөнд өртөхөөс зайлсхийхийн тулд үндэсний үйлдвэржилтийн бодлогоор шууд оролцох боломжтой гэдгээ мэдэгдэв.
"Sunday Telegraph" сонинд бичсэн нийтлэлдээ тэрбээр:
"Зах зээлд төрийн оролцоо хэрэгтэй гэдэг санаа зарим хүмүүст эвгүй санагдаж болох ч, дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байхад бид хуучин үзэлдээ зууралдах боломжгүй" хэмээн онцолсон байна.
Трампын шийдвэрийн хүрээнд Их Британи 10 хувийн суурь тарифт хамрагдсан бол автомашин, ган, хөнгөн цагааны экспортод 25 хувийн нэмэлт татвар ногдуулахаар болжээ. Зарим улс оронд энэ тариф 50 хувьд хүрч болзошгүй бөгөөд дөрөвдүгээр сарын 9-нөөс хэрэгжинэ.
Энэ шийдвэр олон улсын зах зээлийг донсолгож, хувьцааны үнэ 5 хувиас дээш унасан ба дэлхийн эдийн засгийн хямралд орох вий гэсэн болгоомжлол үүсгээд байна. Jaguar Land Rover компани АНУ-д нийлүүлэлтээ түр зогсоохоо зарласан.
Стармер "Бид дотоодын өрсөлдөх чадвараа бэхжүүлэх төлөвлөгөөг хурдасгаж, цаашид ийм глобал доргилтод бага өртөхийг зорьж байна" хэмээн онцлоод, үндэсний аж ахуйн нэгжүүдээ хамгаалахын тулд төрийн зохицуулалт хийхэд бэлэн байгаагаа давтан мэдэгдэв.
Мөн тэрбээр:
-
АНУ-тай арилжааны тохиролцоо хийх зорилгоо хадгалж буй ч “зөвхөн Британи аж үйлдвэрт ашигтай тохиолдолд” тохиролцоно
-
Хэрэв шаардлагатай бол бүх хувилбарыг судална
-
Уг асуудлыг шийдэхэд бусад улс оронтой худалдааны саад тотгорыг бууруулах хэлэлцээр ч хийнэ
-
Засгийн газар тарифаар хариу өгөх боломжтой АНУ-ын барааны 400 хуудсаар жагсаалтыг нийтэлж, бизнесүүдтэй зөвлөлдөж эхэлжээ
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн утасны яриандаа худалдааны дайн хэнд ч ашиггүй хэмээн санал нэгдсэн ч, “аль ч хувилбар боломжтой байх ёстой” гэдгийг тэмдэглэсэн байна.
Харин сөрөг хүчин болох Консерватив болон Либерал Ардчилсан намын зүгээс, тарифын асуудлаас илүүтэйгээр өнөөдрөөс хэрэгжиж буй аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын нэмэлт ачаалал иргэдэд илүү хүндээр тусах гэж байна хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: BBC News, Sunday Telegraph, UK Government Press Release