Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ана Брайан Нугререстай уулзлаа. Уулзалтаар дижитал эринд хүний хувийн мэдээллийн аюулгүй байдал, түүний дотор хил дамнан мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ болон хиймэл оюун ухаан ашиглалтаас үүдэлтэй эрсдэлүүдийн талаар хэлэлцсэн байна.
Түүнчлэн төрийн байгууллагын мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, эмзэг бүлгийн мэдээллийн нууцлал, биометрийн болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээллийг зохистой ашиглах шаардлагыг онцлов.
Манай улс энэ чиглэлд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-аар дамжуулан хувь хүний мэдээллийг хамгаалж буйг уулзалтаар танилцуулжээ.
Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам