АНУ, Оросын дипломат төлөөлөгчид Туркийн Истанбул хотноо өчигдөр уулзалт хийж, хоёр улсын Элчин сайдын яамдын үйл ажиллагааг хэвийн болгох талаар хэлэлцжээ.
Уулзалтын үеэр Америкийн тал Москва дахь Элчин сайдын яаманд орон нутгийн ажилтнуудыг ажиллуулахыг Оросын тал хориглосон асуудлыг хөндөн, энэ нь тогтвортой, найдвартай үйл ажиллагаа явуулахад гол бэрхшээл болж байгааг онцолсон байна. Үүнтэй зэрэгцэн талууд банкны үйлчилгээ үзүүлэх асуудлаар ноот бичиг солилцож, ойрын хугацаанд дахин уулзалт хийхээр тохиролцжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тус уулзалт нь дипломат төлөөлөгчийн газруудын ажиллагааг хэвийн болгох, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн гэж тодорхойлсон байна. Түүнчлэн Оросын төлөөлөгчид АНУ-д хураагдсан ОХУ-ын дипломат өмчийг эргүүлэн авах асуудлыг “эн тэргүүнд” тавьж, үүнд чиглэсэн “замын зураг” боловсруулах тохиролцоонд хүрсэн тухай дурджээ.
Уулзалтыг Истанбул дахь ОХУ-ын Ерөнхий консулын газарт хаалттай хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Соната Култер тэргүүлэн оролцсон байна.
Эх сурвалж: DW, ОХУ-ын ГХЯ, АНУ-ын Төрийн департамент.