УИХ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хэлэлцэхийг дэмжихээр шийдвэрлэлээ.
Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар, зээлийн мэдээллийг онооны тогтолцоонд шилжүүлэх нь зээлийн хүүг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг хэмнэх, иргэдийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Э.Батшугар зээлийн хүүг бууруулах олон улсын туршлагыг жишээ татан тайлбарласан. Тухайлбал, зээлийн онооны системийг нэвтрүүлсэн орнуудын зээлийн хүү 3.2–3.4 хувиар буурч байсан бол Вьетнам улсын зээлийн хүү 18 хувиас 12–14 хувь хүртэл буурсан гэж дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд өндөр хүүтэй зээл, мөнгө хүүлэгчдийн үйл ажиллагаа, зээлийн мэдээллийн ил тод байдал, гар утасны төлбөр, хэрэглээний зардалтай холбоотой зээлийн түүх зэрэг асуудлыг хөндөж, иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалахыг онцлон тэмдэглэлээ.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван зээлийн мэдээллийн сангийн бүтэц, хар жагсаалт гэж байхгүй гэдгийг тайлбарлав. Мөн “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн төслийг боловсруулж байгаа бөгөөд үүнд өдрийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох заалтыг тусгасан гэж мэдээлэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мөнгө хүүлэл, банк бус санхүүгийн байгууллагуудын хэт өндөр хүүтэй зээлийн асуудалд анхаарал хандуулж, ирэх долоо хоногт Монголбанк болон арилжааны банкны удирдлагуудтай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж буйг дуулгав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураалт явуулж, олонхийн саналаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба