Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар болон УИХ-ын гишүүд Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, Б.Уянга, Г.Хосбаяр нар энэ сарын 10-ны өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзлаа.
Уулзалтын эхэнд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцолж, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
С.Ганбаатар дарга 2021 онд эхэлсэн 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн явцыг тодруулсан бөгөөд Элчин сайд Чой Жин Вон уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд БНСУ анхаарч, холбогдох талуудтай нягт хамтран ажиллаж буйгаа илэрхийллээ. Уг төсөл нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгуудын төвийг хамардаг юм.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн хүрээнд БНСУ-тай хамтран ажиллах боломж болон аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах талаар харилцан санал солилцов. Талууд тус чиглэлээр УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Солонгосын тал хамтран ажиллахыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба