Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 184 хүн амиа алдсан тухай эрх баригчид лхагва гаригийн орой мэдээлсэн.
Онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг дуусгаж, цогцсуудыг олж гаргах ажиллагаанд шилжиж байна. Санто-Доминго дахь “Jet Set” клубт уг эмгэнэлт явдал болсон бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн ослын газарт хоёр хоногийн турш цугларчээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хомеро Фигуэроа "ойрын хэдэн цагт эрэн хайх, аврах үе шатнаас цогцсуудыг олж гаргах үе шатанд шилжинэ" гэв. Амьд үлдсэн хүмүүсийг аврахын тулд бүх боломж бололцоог шавхсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.
Мягмар гаригийн үдээс хойш аврагчид амьд үлдсэн хүнийг олоогүй байна. Аврах албаны нийт 300 гаруй алба хаагч нурангийг үнэрч нохойнуудын тусламжтайгаар хоёр өдрийн турш самнажээ. Тэдэнд Пуэрто-Рико, Израилын гал сөнөөгчид тусалж байна. Одоогоор амиа алдсан 54 хүнийг хэн болохыг нь тогтоожээ.
Осол гарах үед клубт 500-1000 хүн байсан гэж орон нутгийн хэвлэлүүд анх мэдээлж байлаа. Албан ёсны мэдээллээр, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мягмар гаригт “Jet Set” клуб Доминиканы түүхэн дэх хамгийн аймшигтай ослыг мөрдөн шалгахад эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Дээвэр нурсан шалтгааныг тогтооход эрт байна гэж хууль сахиулагчид үзэж байна. Тэд цогцсуудыг гаргах ажиллагаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Лхагва гаригийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн хөрш зэргэлдээх Хаити улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Айме X хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Ромын пап Францис мөн эмгэнэл илэрхийлэв.