Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газраас зохион байгуулж буй “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлэг эхэллээ. Тус хэлэлцүүлгийн нээлтэд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, оролцогчдод амжилт хүслээ.
Тэрбээр хэлэхдээ, “Дэлхий даяар гамшгийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын тооцоогоор 2021-2030 онуудад гамшгийн давтамж өмнөх 10 жилээс 40 орчим хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд гамшгийг сөрөн тэсвэрлэх бодлого, төлөвлөлтийг төвлөрсөн бус, бүс нутгийн тэнцвэртэй оролцоонд тулгуурлах, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай болж байна” хэмээн онцолсон юм.
Монгол Улсад 2015 оноос хэрэгжиж буй гамшгийн үед хүн, мал, эд хөрөнгийг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан 2024 онд ОБЕГ энэхүү төлөвлөгөөний төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгээд байна. Хошууч генерал Г.Ариунбуян хэлэхдээ, төлөвлөгөөг салбарын онцлог, чиг үүрэг, хууль эрхзүйн шинэчлэлтэй нийцүүлж, гамшгийн үед хүч хэрэгслийг уялдуулах бодлогын баримт бичиг болгон батлуулахад хэлэлцүүлгийн ач холбогдол оршино гэв.
Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах улсын албад, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлагийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.
Энэ хугацаанд:
-
Гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, чиг хандлага
-
Гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрхзүйн орчин
-
Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан төлөвлөлт
-
Улсын албадын ажиллах нийтлэг журам
зэрэг сэдвээр мэргэжлийн мэдээлэл өгч, төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, хамтарсан дадлага хийж, эцэслэн боловсруулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (1)