Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөгчид АНУ-ын Теннеси муж дахь Оак Риджийн Үндэсний лабораторид ажиллаж, дэлхийн шилдэг “FRONTIER” супер компьютерын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны хүрээг тэлэх уулзалт хийлээ. Энэхүү лаборатори нь химийн шинжлэх ухаан, биологи, хүрээлэн буй орчны систем, тооцооллын шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллагын нэг юм.
ЭЗХЯ, ШУА, МУИС, ШУТИС хамтран 2024 оноос “Өндөр хүчин чадалтай супер компьютерын тооцоолох төв байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнд АНУ, БНСУ-д ажиллаж буй монгол эрдэмтэд идэвхтэй оролцож байна. Энэ нь гадаадад байгаа тархины урсгалыг эх орондоо ашиглах томоохон боломж болж байгааг албаныхан онцолжээ.
Төслийн хүрээнд:
-
Үндэсний хэмжээний их өгөгдөлд дүн шинжилгээ хийх
-
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг шийдэл боловсруулах
-
Ашигт малтмал, эрдсийн нарийвчилсан судалгаа гүйцэтгэх
-
Хиймэл оюун, машин сургалтын судалгаа хийх
зэргийг гүйцэтгэх бүрэн боломж бүрдэх бөгөөд энэ нь Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд чанарын шинэ шат авч ирнэ.
Эдийн засаг, хөгжлийн яамны мэдээлснээр тус төв ашиглалтад орсноор эрдэмтэн судлаачид, оюутнуудад орчин үеийн дэвшилтэт технологи дээр ажиллах боломж бүрдэж, инновацын чадвар сайжрах томоохон суурь тавигдах юм.
Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам.