Олон улсын театрын өдрийг тохиолдуулан урлагийн боловсрол олгодог дотоод, гадаадын сургуулиудын оюутнуудыг хамарсан “3.27” олон улсын оюутны их наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг урлагийн олон төрөл, тэр дундаа тайз, дэлгэцийн урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг дэмжих, театрын урлагийн орчин үеийн чиг хандлагыг судалж, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулжээ.
Наадмын хүрээнд оюутнууд жүжиг, бүжиг, хөгжмийн тоглолт, найруулга, дүр бүтээлт зэрэг төрөл бүрийн уран бүтээлээр оролцсон бөгөөд уран чадвар, бүтээлч шийдэл, авьяас чадвараараа бусдыгаа хошуучилсан шилдэг оролцогч, багуудыг шалгаруулан өргөмжлөл, шагналаар урамшуулсан байна.
“3.27” наадам нь оюутнуудад мэргэжлийн тавцанд өөрийгөө сорих, шүүгч, уран бүтээлчдээс мэргэжлийн зөвлөгөө авах, гадаад орны оюутнуудтай харилцах, хамтран ажиллах чухал боломж болсон хэмээн оролцогчид онцолжээ.