2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “Иргэд маргалдах явцдаа буу гаргаж байна” гэсэн гарчиг бүхий бичлэг нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татсан. Цагдаагийн байгууллага уг бичлэгийг бүртгэлд авч, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлаар, иргэд зогсоолын асуудлаас болж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б гэх иргэн тоглоомын зориулалт бүхий гар бууг гарган бусдыг айдаст автуулан танхайрсан байна. Ийм төрлийн эд зүйлсийг холбогдох байгууллагад хүргүүлж, мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хатгах, нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, олон нийтийг үл хүндэтгэх, үйлчилгээний журам зөрчих зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд тухайн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулах, 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл оногдуулах боломжтой юм.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар.